Skip to main content
Бүх цэсийг харах

Эхийн сүүгээр хооллолтын эхэн үе

Жирэмсний сүүлийн гурван сар
A A A

Ямар хүлээлттэй байх вэ?

Төрсөн даруйд эхний цагт багтаан, хүүхэд тань хөхөө хөхөхөд бэлэн болох хүртэл, нүцгэн цээжин дээрээ (хөхний завсар) хүүхдээ хувцаслахгүйгээр арьс арьсаар шүргэлцэн хэвтэх хэрэгтэй.

Төрсний дараах нэг цагт багтаан хөхөө амлуулах нь хөхөнд сүү орох, улмаар хүүхдээ хөхүүлэхдээ итгэлтэй болох болон эх үрийн холбоо бэхжиж, ээнэгшихэд тустай байдаг. Энэ үед танд эх баригч, хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч (CHFN) эсвэл эхийн сүүгээр хооллолтын зөвлөх (lactation consultant) зэрэг мэргэжилтнүүд туслахад бэлэн байдаг.

Эхний хэдэн өдөр хүүхдээ хөхүүлэхэд 45 минутаас 1 цаг орчим хугацаа зарцуулагдаж болно. Хүүхэд тань өсч томрохын хэрээр энэ хугацаа багасах болно.

Эхний хэдэн долоо хоногт нярай хүүхэд 1-5 цаг тутамд хооллох хандлагатай байдаг. Энэ нь 24 цагт 8-12 удаа хөхөө хөхнө гэсэн үг. Энэ хугацаа нь нярай бүрийн хувьд харилцан адилгүй байж болно. Тиймээс хүүхдээ өлссөн шинж тэмдэг үзүүлэх бүрт нь хөхүүлэхийг зөвлөж байна.

Ихэнх нярай хүүхэд шөнөдөө хэд, хэдэн удаа хөхөө хөхөрөөр сэрдэг. Хэрэв хүүхэд тань шөнө хооллохоор сэрэхгүй бол эрүүл мэндийн мэргэжилтнүүд болох өрхийн эмч эсвэл хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа холбогдож, зөвлөгөө авах шаардлагатай.

Хүүхдээ хөхүүлж сурах нь дадлага, туршлагаар олж авдаг ур чадвар бөгөөд хүүхдээ итгэлтэйгээр хөхүүлэхэд суралцахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй байж болно. Хүүхдээ хөхүүлэх нь зүгээр нэг хооллохоос илүү нарийн зүйл бөгөөд энэ нь нялх хүүхдийг тайвшруулж, эх үрийн нандин холбоог тэтгэх чухал эх сурвалж болдог.

Expand all
Collapse all

Хүүхдээ хооллоход таны бие хэрхэн бэлтгэгддэг вэ?

Хүүхдээ төрүүлэхээсээ ч өмнө таны бие ангир уургийг бий болгож эхэлсэн байдаг. Ангир уураг нь маш онцгой, шим тэжээлээр баялаг сүү бөгөөд хүүхдийн ходоод гэдсийг хөгжүүлж, өвчлөлөөс хамгаалах нарийн бүтэц, үүрэгтэй байдаг.

Ангир уураг нь:

  • хүүхдийн өсөлт хөгжил, дархлааны тогтолцоог дэмжихэд зориулагдсан аминдэм, эрдэс бодис, аминхүчил, амин тосыг нярайн хэрэгцээнд таарсан, төгс хэмжээгээр агуулж байдаг;
  • хүүхдийн тань хоол боловсруулах эрхтний ашигтай нянг тэтгэдэг бөгөөд нярай хүүхдийн ходоод гэдэсний хөгжил гүйцэхэд дэмжлэг үзүүлэх өсөлтийн онцгой хүчин зүйлүүдээс бүрдсэн байдаг байна.

Би хүүхдээ цатгахад сүү маань хангалттай болов уу?

Хүүхэд тань арьс арьсаар хүрэлцэхэд таатай байж, хөхөө олон давтамжтай, сайн хөхөхийн хэрээр хөхөнд тань сүү сайн орох болно.

Нярай хүүхдийн ходоод интоорын төдий хэмжээтэйг та мэдэх үү? Эхийн хөх нь хүүхдэд шаардлагатай хэмжээний сүүг бий болгох чадвартай байдаг бөгөөд нярай үед бол ердөө ийм л хэмжээний сүү нэг удаадаа шаардлагатай байдаг байх нь.

Дөнгөж төрсөн нярайд эхний 24-48 цагийн дотор их хэмжээний сүү хэрэггүй бөгөөд хөхөнд сүү орох хүртэлх 60-70 цагийн дотор ангир уураг нь нярайн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахад зориулагдсан байдаг. Хөхөнд сүү орж буйг хөх томрон, чинэрч буйгаас мэдэж болно.

Хэрэв таны санааг зовоож буй асуудал байгаа бол хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч (CFHN), эх баригч, хөхний сүүгээр хооллолтын зөвлөх (lactation consultant) эсвэл өрхийн эмчтэйгээ ярилцаарай.

Хүүхдийг өөрөөр нь амлуулах

Хүүхэд өөрөө амлах гэдэг нь төрсний дараах эхний хэдэн цагийн дотор хэрэглэгддэг нэршил юм. Дөнгөж төрсөн нярай хүүхэд, эхтэйгээ арьс арьсаар хүрэлцсэн байрлалд байх үед, үнэрлэх болон хүрэлцэх мэдрэмжийн (хөхөх рефлекс) тусламжтайгаар ихэнх тохиолдолд хүүхэд өөрөө хөхөө олж чаддаг. Уг рефлексийн тусламжтайгаар хүүхэд хөхөө хайж, хацар эсвэл эрүү нь хөхөнд хүрэх үед амаа том ангайх үйлдэл хийдэг байна. 

Сүүлийн шинэчлэлт: 05 Aug, 2025 - 08:31
Дээш буцах