Халамжтай эцэг эх гэж хэн бэ?
Халамжтай эцэг эх байна гэдэг нь хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлагад анхаарлаа хандуулж, тэдний биеийн болоод сэтгэл зүйн илэрхийлэл болох дохио, шинж тэмдгүүдийг ажиглаж, ойлгосны үндсэн дээр тэдний хэрэгцээнд нийцтэй хариу үйлдлийг, хайр халамжийн хамтаар үзүүлэхийг хэлнэ.
Хүүхдийн хэрэгцээгээр хооллох буюу хүссэн үед нь хооллох гэдэг нь хүүхдээ өлссөн үед нь хооллож, цадсан үед нь болихыг хэлнэ. Нялх хүүхэд өөрийн өлсөх болон цадахаа мэдрэх чадвартай байдаг. Тиймээс та тодорхой хооллох цагийн хуваарь баримтлах шаардлагагүй.
Хүүхдийнхээ хэрэгцээгээр хооллох нь эцэг эх ба хүүхдийн нандин холбоог бэхжүүлж, хүүхдэд хайрлагдсан бөгөөд аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг. Мөн хүүхэд өлссөн үедээ хооллож, цадсан үедээ идэхээ болих нь хүүхдэд цаашдын эрүүл хооллолтын дадал бий болох суурь болж өгдөг.
Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай:
- Хүүхдийнхээ өлссөн шинж тэмдгүүдийг анзаарах: Хүүхдээ анхааран, өлссөн байж болох шинж тэмдгүүд болох гараа хөхөх, хөхөж буй чимээ гаргах, эсвэл таны хөх эсвэл угжны сав руу толгойгоо эргүүлэх зэрэг үйлдэл гаргаж байгаа эсэхийг ажиглана. Өлссөнөөсөө болоод уйлж эхлэхээс нь өмнө хооллож байхыг зорих нь чухал.
- Өлссөн шинж тэмдгүүдийг ойлгох: Өөрийн анзаарсан шинж тэмдгүүд дээр тулгуурлан, хүүхдээ өлссөн шинж тэмдэг үзүүлэх үед нь хооллоно. Хатуу цагийн хуваарийг дагахгүй байх нь зүйтэй.
- Хариу үйлдэл үзүүлэх: Хүүхдээ өлссөн шинж тэмдэг үзүүлэх үед нь хөхүүлэх эсвэл угжиж, цадсан шинж тэмдгүүд үзүүлэхэд нь хооллохоо болих нь тохиромжтой.
- Цадсан шинж тэмдгүүдийг ажиглах: Хүүхдээ анзааран, цадсан шинж тэмдгүүд болох хөх эсвэл угжаа хөхөхөө болих, амаа жимийх, эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулж байгаа эсэхийг ажиглана. Хүүхдийн сэтгэл ханасан эсвэл гэдэс нь цадсан мэт байвал нэмж хооллох гэж хүчлэх шаардлагагүй. Хүүхэд угжин дахь сүүгээ бүрэн дуусгахгүй байх нь хэвийн юм.
Хооллолтын зөвлөмжүүд
- Угжих зөвлөмж: Хэрэв та хүүхдээ угждаг бол хүүхдээ биедээ ойртуулан, хүүхдийнхээ нүд рүү харж, харцаараа харилцаа үүсгээрэй. Угжаа ямар хэмнэлээр хөхөхийг хүүхдээрээ шийдүүлж, шаардлагатай бол завсарлага авах боломж олгох хэрэгтэй. Угжин дахь сүүгээ ууж дуусгахгүй байх нь хэвийн гэдгийг санаарай.
- Хооллох тайван орчин: Хүүхдээ хооллох үеэр орчныг аль болох тайван бөгөөд дуу чимээ багатай байхад анхаарна. Ингэснээр хүүхэд хоолондоо бүрэн төвлөрөх боломж бүрддэг.
- Арьс, арьсаар хүрэлцэх: Хооллох үеэр аль болох нүцгэн арьсаар хүүхэдтэйгээ хүрэлцэх нь эх, үрийн холбоог бэхжүүлж, хооллолтыг илүү тухтай болгож өгдөг.
Хэрэв хүүхэд тань цадсан шинж тэмдгүүд үзүүлж, хоногт 5-6 живх дүүргэн, жингээ хэвийн нэмж байгаа бол танд санаа зовох зүйл үгүй. Хүүхэд тань сүүндээ хангалттай цадаж байгаа гэсэн үг.
Хэрэв та хүүхэд тань сүүндээ цадаж байгаа эсэхэд, эсвэл хүүхдийнхээ жинд санаа зовж байгаа бол хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Хориглох зүйлс
- Ивж хооллохоос зайлсхийгээрэй. Ивж хооллоно гэдэг нь угжийг ямар нэгэн зүйлээр, тухайлбал дэр, ороосон даавуу болон ижил төрлийн зүйлээр түшүүлж орхин, угжихыг хэлэх ба үүнээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ нь хүүхэд хахах, амьсгал бүтэх, чихний үрэвсэл явагдах болон шүд цоорох эрсдэлүүдийг нэмэгдүүлдэг. Хамгийн зөв арга нь хүүхдээ хооллохдоо эцэг эх, асран хамгаалагч нь өөрөө угжийг нь барьж хооллох юм.
- Оронд нь угж хөхүүлсэн чигээр бүү оруулаарай. Хүүхдийг орон дотор угжих нь хахах, цээжний үрэвсэл, чихний үрэвсэл явагдах, шүд хорхойтох болон нойрны асуудлууд бий болгох эрсдэлтэй.
Хүүхдийн хэрэгцээгээр хооллохын ач холбогдлууд
- Хүүхдээ өлссөн үед нь хооллож, цадсан үед нь хооллолтыг зогсоосноор хүүхэд өөрийн биеийн хэрэгцээ, шинж тэмдгүүдээ мэдэрч, хоолны дуршлаа зохицуулж сурдаг.
- Та хүүхдээ хүссэн үед нь хооллосон тохиолдолд хүүхэд хэтрүүлж идэх нь ховор. Ингэснээр тэд өөрт яг тохирох хэмжээгээр хооллож сурдаг.
- Хүүхдийн хэрэгцээгээр, хүссэн үед нь хооллосноор хүүхэд эрүүл хоолны дадалтай болох суурь тавигдаж байдаг.
- Хүүхдийнхээ өлсөх болон цадах шинж тэмдгүүдэд нийцүүлэн хооллосноор хүүхэд тань цаашид, том болоод хэвийн жингээ хадгалах хандлагатай байдаг.
Хүүхдээ энэ байдлаар хооллох нь хүүхдийн хоолтой харилцах харилцаа эрүүл байхад тустайгаас гадна эрүүл мэндэд нь мөн тустай.
Хүүхдийнхээ уйлж буй шалтгааныг ойлгох нь
Уйлах нь хүүхдийн тань тантай харилцах, ярих, өөрийгөө илэрхийлэх арга нь юм. Хүүхэд тань өлссөн, ядарсан, уйдсан, тухгүй байгаа, эсвэл зүгээр л эрхлэхийг хүссэн байж болно.
Уйлах бүрт нь хооллох шаардлагагүй. Тайвшруулах өөр аргуудыг туршиж үзэж болно. Тухайлбал, хүүхдээ тэврэх болон бүүвэйлэх зэргээр тайвшруулж болно.
Хүүхдийнхээ хүсэл хэрэгцээнд нийцсэн хариу үйлдлийг тухай бүрт үзүүлж, өлссөн болон цадсан шинж тэмдгүүд дээр нь үндэслэн хооллосноор таны хүүхэд хайрлагдсан, аюулгүй мэдрэмжийг авч, тав тухтай, өөртөө итгэлтэй байдаг. Өөрийн зөн совиндоо итгэж, хүүхэдтэйгээ өнгөрөөх энэ нандин мөчүүдийг баяр жаргалтай өнгөрүүлээрэй.
Өөрийн гэр бүлд тохирох аргыг сонгох нь
Өөрийн гэр бүлийн үнэт зүйлс, зорилго, соёл болон итгэл үнэмшлийнхээ талаар эргэцүүлэн бодож, аль нь танай гэр бүлд хамгийн тохиромжтойг сонгох нь зүйтэй.
Аль ч насны болоод ямар ч соёлтой байсан хүүхдэд эцэг эхийн халамж илүүддэггүй. Танай гэр бүлийн ерөнхий уур амьсгалд ч гэсэн тустай байх болно гэж итгэж байна.
Энэ талаар дэлгэрэнгүйг дараах Zero to Three дүрс бичлэгээс үзнэ үү.
"Хангалттай сайн" эцэг, эх байх нь хангалттай.
Хааяадаа хүүхдийнхээ шинж тэмдгүүдийг анзааралгүй өнгөрөх, эсвэл буруу ойлгох нь эцэг эхчүүдэд тохиолддог хэвийн үзэгдлүүдийн нэг. Ямар ч эцэг, эх төгс биш тул "хангалттай сайн" байхад буруудах зүйлгүй.
Хэрэв таны хүүхдийнхээ үзүүлж буй дохио болон шинж тэмдгүүдийг анзааралгүй өнгөрөх давтамж ихсээд байгааг анзаарвал тусламж, дэмжлэг хэрэгтэй болсныг илтгэж байж болно.
Та хүүхэд өсгөхтэй холбоотой NSW муж дахь хөтөлбөрүүдийн талаар Resourcing Parents -аас авах, эсвэл хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчаасаа зөвлөгөө хүсэх боломжтой.




