Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхэд өсгөх ба сэтгэцийн эрүүл мэнд

0-2 cap
A A A

Таны сэтгэцийн эрүүл мэнд

Хүүхэдтэй болсны дараагаар олон эмэгтэйчүүдэд сэтгэл санаа тогтворгүй болох, уйламтгай, сэтгэл зовомтгой болох болон унтаж чадахгүй болох зэрэг асуудлууд тохиолдож болдог бөгөөд үүнийг “baby blues” гэж нэрлэдэг ба төрсний дараа, хэдэн долоо хоногийн дотор өөрөө аяндаа хэвийн болдог.

Хэрэв энэ нөхцөл байдал сайжрахгүй, улам дордох шинжтэй байвал Өрхийн эмч эсвэл Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагчтайгаа зөвлөлдөх хэрэгтэй.

Сэтгэл гутрал болон сэтгэл түгших эмгэг нь хүүхэдтэй болохоор төлөвлөж буй, жирэмсэн эсвэл төрсний дараа эцэг, эхийн алинд ч тохиолдож болох түгээмэл төрлийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд юм. Гэхдээ уг асуудалд анхаарал хандуулж, зохих эмчилгээг хийлгэснээр эдгэрэх боломжтой.

Сэтгэл түгших эмгэг болон сэтгэл гутралын зарим түгээмэл шинжүүдэд:

  • байнга юманд санаа зовних
  • ихээр гуниглах болон итгэл найдваргүй болсон мэт мэдрэмж төрөх
  • дуртай зүйлсээ хийх сонирхолгүй болох
  • анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх эсвэл унтаж, амарч чадахгүй байх
  • өөрийгөө гэмтээх тухай бодох зэрэг багтаж болно.  

Хэрвээ танд өмнө нь оношлогдсон сэтгэцийн эрүүл мэндийн онош жишээ нь шизофрени эсвэл хоёр туйлт эмгэг зэрэг байсан бол төрсний дараа сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэг эсвэл солиорол зэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Төрсний дараах солиорол буюу Postpartum psychosis (өндөр түвшний төөрөгдөл болон бодит байдлаас тасрах мэдрэмж төрүүлдэг сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчин) нь төрсөн 1000 эмэгтэй тутамд 1 тохиолддог. 

Солиорлын зарим шинж тэмдгүүдэд:

  • унтах болон хоол, ундаа идэж, ууж чадахгүй болох
  • хэт их эрч хүчтэй болон тайван бус болох
  • тэвдүү, амарч болон хөдөлгөөнгүй байж чадахгүй болох
  • аливаа юмыг хийж дуусгах маш хүчтэй хэрэгцээ байгаа мэт мэдрэмж төрөх
  • хий дуу, чимээ сонсох
  • эргэлзэж, төөрөгдөх
  • хий юм харах
  • бодит бус бодлууд толгойд орж ирэх
  • өөрийгөө болон хүүхдээ гэмтээх тухай бодох зэрэг багтана. 

Шинэ аавуудад мөн сэтгэл түгших эмгэг болон сэтгэл гутрал тохиолдож болно. Тиймээс хүн бүр шинж тэмдгүүдээ анзаарч байх нь зохистой.

Хэрвээ танд өөрийгөө болон хүүхдээ гэмтгээх тухай бодол орж ирвэл 000 дугаарт залган яаралтай тусламж хүсэх ёстойг санаарай. 

Таны сэтгэцийн эрүүл мэнд чухал. Мөн хүүхдэд тань ч нөлөөтэй. Ямарваа нэгэн шинж тэмдэг илэрвэл, эмчдээ хэлж тусламж, эмчилгээг цаг алдалгүй авах нь маш том өөрчлөлтийг авчрах боломжтой.

Нөхөр/хамтрагч, гэр бүлийн бусад гишүүд, найз нөхөдтэйгээ ярилцаж байгаарай. Тусламжийн шугамтай холбогдож болно. Та ганцаараа биш. Тусламж болон зөв мэдээлэл авснаар та асуудлуудаа шийдвэрлэх боломжтой.

Хэрвээ та эсвэл бусад хүнд хэнээрхлийн шинж тэмдгүүдээс илэрч байгаа бол цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагын тусламж авах ёстойг анхаарна уу.

Жирэмсний үед болон төрсний дараа таны үзүүлж байгаа төрөл бүрийн эрүүл мэндийн байгууллага болон мэргэжилтнүүд нь таны сэтгэцийн эрүүл мэнд болоод энх түвшин байдалтай холбоотой аливаа эрсдэл байгаа эсэхийг тантай хамтран тодорхойлохоор ажиллаж байдаг. Эцэг, эхийн сэтгэцийн эрүүл мэнд болоод энх тунх байдал хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон энх тунх байдалд нөлөөлж байдаг. Тусламж авах, зохих эмчилгээ болон дэмжлэг үзүүлэх үйлчилгээг төлөвлөгөөний дагуу авах нь танд, таны хүүхдэд болон танай гэр бүлд томоохон өөрчлөлт, сайжралыг бий болгох боломжтой. 

Ээжүүд өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг шалгахын тулд энд дарна уу.

Аавууд (болон бусад асран хамгаалагчид) өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг шалгахын тулд энд дарна уу. 

Сэтгэл түгших эмгэг болон сэтгэл гутралд өртсөн ихэнх хүмүүс дараах арга замуудын аль нэг эсвэл хосолмол эмчилгээгээр сайжрах боломжтой. Үүнд:

  • амьдралын хэв маягийн өөрчлөлт эсвэл нийгмийн дэмжлэг
  • сэтгэл зүйн эсвэл зөвлөгөө өгөх/ярилцах эмчилгээнүүд
  • эмэн эмчилгээ багтана.

 

Шинэхэн эцэг, эхчүүдийн хувьд хосын харилцаандаа анхаарал хандуулах нь нэн чухал

Хүүхдээ асран халамжлах үүргийг хуваалцаж байгаа хүмүүс бие, биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй, нэг нэгнээ дэмжин, хамтарч ажиллах нь чухал.

  • Хэн хэнийхээ хүүхдээ өсгөх арга барилыг хүндэтгэх
  • Эцэг, эхийн хувиар биесээ дэмжиж, хүүхдээ асрах үүргийг зохистой байдлаар хуваалцах
  • Хүүхдийнхээ төлөө хамтдаа баг болон ажиллах
  • Хосын хувиар өөрсдийн харилцаандаа анхаарал хандуулах
  • Хүүхдээ өсгөх талаар нээлттэй ярилах
  • Хүүхдэдээ болон нэг нэгэндээ халамж анхаарал хандуулж, оролцоотой байх зэрэг нь нэн чухал. 

Хосуудын болоод гэр бүлийн харилцаа сайнгүй байх нь насанд хүрэгчид төдийгүй бүх насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.

Өөрсдийн харилцаагаа чухалчилж, гэр бүлийн уур амьсгалыг эерэг байлгах нь хүүхдэд аз жаргалтай гэр бүлийн мэдрэмжийг өгдөг. Хүүхдээ өсгөхдөө хамтарч ажиллах нь гол түлхүүр юм. 

 

Танд тус болох вэб хуудсууд:

Maternal mental health and wellbeing

https://www.panda.org.au/info-support/after-birth

Dad advice – Beyond Blue

COPE 

Сүүлийн шинэчлэлт: 23 Jul, 2024 - 06:02
Дээш буцах