Хүүхэдтэйгээ ярилцах болон тоглох нь
Энэ үед хүүхдийн тархи сайтар хөгжснөөр, бүхий л амьдралын турш хэрэг болох шинэ, шинэ ур чадваруудыг суралцдаг. Хүүхдийнхээ тархины хөгжилд дэмжлэг үзүүлэх хамгийн шилдэг арга бол тэдэнтэй ярилцах болон хамтдаа тоглох явдал юм. Хүүхэд үргэлж орчин тойрноо анзаарч ойлгон, суралцаж байх эрмэлзэлтэй байдаг бөгөөд хүрээлэн буй орчинтойгоо мэдрэхүйгээрээ буюу харах, үнэрлэх, сонсох, хүрэх, амтлах, болон мэдрэх байдлаар танилцдаг.
Хүүхэдтэйгээ ярилцах болон тоглож болох зарим санаанууд
- Хүүхдийнхээ юунд сонирхолтой байгааг ажиглан анзаарч, тухайн зүйлийнх нь талаар ярилцах. Жишээ нь, хэрэв хүүхэд тань тоглоом авахаар оролдоод чадахгүй байгаа тохиолдолд бухимдсан байдал илэрхийлж болно. Энэ үед нь та хүүхдээ “Миний үр, чи минь чадна аа, одоо дахиад жаахан хичээгээрэй, бараг л хүрлээ дээ” гэх мэтээр зоригжуулж, тоглоомондоо хүрэн, авч чадах үед нь түүнд нь урамшсанаа илэрхийлэн “Тиймээ, үр минь чи чадлаа!” гэх мэтчилэн хэлэх нь тэднийг мөн урамшуулдаг.
- Нүүр царайны хувирлыг дуу хоолойтой хослуулан сэтгэл хөдлөлөө илэрхийлэн, хүүхэддээ харуулах нь холбоотой үг хэллэг болоод сэтгэл хөдлөл, мэдрэмжийн талаар ойлголт авахад нь тусалдаг.
- Хүүхдээ тэвэрч эсвэл биедээ ойр байлгаад эелдэг үгс хэлэх болон дуу дуулж өгөх нь тэдэнд аюулгүй байгаагаа болон хайрлагдаж байгаагаа мэдрэх боломжийг олгодог.
- Хүүхэдтэйгээ хамт ном уншиж болно.
- Хүүхэд тань уцаарлангуй шинжтэй байвал хүүхдээ тэврэх, бүүвэйлэх, болон дуу дуулж өгөх нь тэднийг тайвшруулдаг.
Хэрэв танай гэр бүл олон хэлээр ярьдаг бол багаас нь аль болох тухайн хэлнүүд дээрээ хүүхэдтэйгээ ярилцаж байвал зохилтой. Илүү дэлгэрэнгүйг: Эндээс үзнэ үү.
Хүүхдээ өсгөх тал дээр илүү туршлагатай болж, хүүхэдтэйгээ харилцах ур чадваруудаа сайжруулах нэг сайн арга нь эцэг эхчүүдийн бүлгэм (parenting groups)-д нэгдэх явдал юм. Жишээлбэл Circle of Security, шинэхэн эцэг эхчүүдийн бүлгэмүүд болон, нялх хүүхдийн тоглоомын бүлгэмүүд (playgroups) байж болно.
Хэрвээ та сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн аливаа асуудал болон зовиуртай байгаа бол хүүхэдтэйгээ тогтмол ярилцах болон тоглох нь төвөг, бэрхшээлтэй санагдаж л болно. Хэрэв та болон хамтрагчид тань ийм байдал мэдрэгдэж байгаа бол, тусламж хүсэх нь хамгийн зөв гаргалгаа болно. Австрали улсад эдгээр тохиолдолд танд утсаар зөвлөмж, дэмжлэг үзүүлэх үнэгүй үйлчилгээнүүд цөөнгүй байдаг. Мөн Өрхийн эмчтэйгээ холбогдон, санхүүгийн чадамждаа дүйцсэн сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ хэрхэн авах талаар зөвлөлдөн, төлөвлөгөө гаргах боломжтой.




