Хүүхдээ угжих үеэр анхаарал хандуулах хоёр чухал зүйл байдаг
- Хүүхдээ угжих буюу хооллох үеэрээ хүүхэдтэйгээ харилцаж, холбоо тогтоох
- Хүүхэд тань хангалттай хэмжээний хоол тэжээлийг цэвэр, аюулгүй нөхцөлд авч байгаа эсэхийг бататгах юм.
Хүүхэдтэйгээ холбоо тогтоох нь
Хүүхдээ хооллох цаг бол онцгой цаг бөгөөд энэ үеэр хүүхэд та хоёрын дунд эх үрийн нандин холбоос, ээнэгшил явагдаж байдаг. Хүүхэд рүүгээ харж, намуухан дуугаар ярьж, инээмсэглэн, халуун дулаан хайр энэрлээ зөөлөн хүрэх зэрэг байдлаар илэрхийлэх нь хүүхэд та хоёрын хооронд итгэлцэл бий болгож, эх үрийн нандин холбоос, ээнэгшлийг тэтгэж байдаг.
Хүүхдээ угжихын нэг давуу тал нь бусад хүмүүс мөн уг үүргийг хуваалцах боломжтой байдаг.
Аавууд хэрхэн оролцож, дэм болж болох талаар дараах холбоосоор орж үзнэ үү.
Угжих зөвлөмжүүд:
- Тухтай байдал бүрдүүлэх: Аль болох тайван, өөрт тухтай байдлаар сууна.
- Хүүхдээ биедээ ойртуулан тэврэх: Хүүхдээ угжихдаа, бага зэрэг дээш өндийлгөн тэврээд, толгой болон нурууг нь гараараа түшиж өгнө. Ингэснээр та хүүхэдтэйгээ илүү дотносон ээнэгшихээс гадна хэр хэмжээтэй хооллож байгааг нь ажиглах боломж бүрдэнэ.
- Хүүхдээ хүлээх: Хүүхдээ өөрөө бэлэн болоод угж юм уу аягыг амандаа оруулахаар ангайхыг нь хүлээнэ. Мөн дээд уруулд нь угжны толгойг хүргэвэл, хүүхэд амаа сайтар ангайж өгдөг.
- Хүүхэдтэйгээ хамт байх: Угжаа хөхөж байхад нь хүүхдээ ганцааранг нь орхиж болохгүй. Угжны лонхыг дэр болон бусад зүйлсээр ивж орхих нь хүүхэд хахах, чихний үрэвсэл явагдах, болон шүд цоорох эрсдэлүүдийг нэмэгдүүлдэг.
- Тайван хооллох: Хүүхэд хооллож дуустал, дунджаар 20-30 минут орчим хугацаа зарцуулагдах бөгөөд хүүхэд тань хооллолтын дундуур түр амсхийн завсарлага авах нь хэвийн үзэгдэл юм. Угжийг аль болох хөндлөн (эсвэл бага зэрэг дээш өргөж өгөх) барьж өгснөөр сүү хүүхдийн ам руу хэт олгойдож орохоос сэргийлдэг. Хэрэв угжийг хэт тонгойлговол хүүхэд хэр хэмжээтэй сүү уухаа хянахад бэрх болдог.
- Шинж байдлыг анзаарах: Хэрэв хүүхэд тань сүүгээ ууж байх завсарт амсхийх хэрэгтэй болвол дараах шинж байдлыг үзүүлэх болно:
- хөл, гараа тэнийлгэх
- толгойгоо эргүүлэх юм уу угжнаасаа холдох үйлдэх хийх
- амнаасаа сүүгээ гоожуулах гэх мэт.
- Амраах: Энэ үеэр та хүүхдээ хэхрүүлэх юм уу түр амрааж болно.
- Хүүхдээ сонсох: Жаахан амсхийсний дараа, хүүхэд тань сүүгээ үргэлжлүүлэн уухыг хүсэж байгаа эсвэл цадсан эсэхийг хүүхдийнхээ үзүүлж буй дохио, шинж тэмдгүүдийг анзааран мэдэх боломжтой.
Угжны цоргоор сүү хэт хурдан эсвэл удаан гарч байгаа эсэхийг шалгах нь чухал. Хэрвээ хэт хурдан уувал, сүүг шингээж чадахгүй байх талтай бөгөөд үүнээс улбаалсан зарим сөрөг үр дагаврууд гарч болно. Харин хэт удаан байвал, хүүхэд ядарч, хангалттай хэмжээний сүүг ууж чадахгүй байдалд хүрч болно. Сүүний гаралтыг шалгахын тулд, өрөөний хэмтэй шингэнээр дүүргэн, угжны савыг доош харуулан барина. Ингэж барихад, шингэн нь жигд хэмээр дусалж байх ёстой ба олгойдохгүй байх ёстой. Сүүний хэмнэлийг угжны толгойн цагаригийг чангалах болон суллах байдлаар тохируулах боломжтой байдаг.




