Вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй
Австрали улсад таригдаж буй бүхий л урьдчилан сэргийлэх тарилгууд маш нарийн туршилт судалгааны үр дүнд, хүүхдэд хэрэглэхэд аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдгийг тогтоосны дараа Эм, эмчилгээний Зориулалттай Бараа Бүтээгдэхүүний Захиргаа (TGA)-д бүртгэгдэж, хэрэглээнд нийлүүлэгддэг.
Вакцинжуулалтын ач холбогдол:
- хүүхдийг аливаа аюулт өвчлөлөөс сэргийлэх;
- та хүүхдээ хамгаалахаас гадна олон нийтийг хамгаалж байгаа;
- олон хүн хүүхдээ вакцинжуулалтанд хамруулахын хэрээр бид вакцины тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой олон төрлийн өвчлөлөөс сэргийлэх боломжтой болно.
Хэзээ вакцинжуулалтад хамруулах вэ?
Шинэ Өмнөд Уэльс (NSW) мужийн дархлаажуулалтын хуваарийн санал болгосноор, хүүхдүүд дараах насанд вакцинжуулалтанд хамрагдана:
- төрсөн даруйд
- 6 долоо хоногтойд
- 4 сартайд
- 6 сартайд
- 12 сартайд
- 18 сартайд
- 4 настайд.
Нас тус бүрээр хамрагдах вакцинуудын төрлийг дараах холбоосоор орж үзнэ үү.
Хуваарийг мөрдөхийн тулд
- Хүүхдийн вакцин буюу товлолт, урьдчилан сэргийлэх тарилгын хуваарийг хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлтийн дэвтэр дээрээс харах боломжтой.
- Хүүхдийн дархлаажуулалтын мэдээлэл нь өдөр өнжүүлэх, сургуулийн өмнөх бэлтгэл, болон сургуульд ороход шаардлагатай байдаг. Хүүхдийнхээ дархлаажуулалтын бүртгэл, түүхийг Australian Immunisation Register (AIR)-тай 1800 652 809 дугаараар холбогдож авна.
- Хүүхдээ аль болох товлолт хугацаанд вакцинжуулалтанд хамруулах нь чухал. Хүүхэд тавгүй үед мэдээж хойшлуулах нь хэвийн хэдий ч, бага зэрэг нус гоожсон эсвэл хөнгөн зэргийн ханиадтай үед ч хүүхэд тарилгадаа хамрагдах боломжтой байдаг.
Вакцин хийлгэх үеэр
- хамгийн их өвтгөдөг тарилгыг хамгийн сүүлд хийж өгөхийг эмч болон сувилагчаасаа хүсэх;
- тарилга хийлгэх үеэр хүүхдээ биедээ ойр барин, хүүхэдтэйгээ тайван өнгөөр ярилцах мөн хөхөө хөүүлэх нь тэднийг тайван байлгах сайн арга болдог;
- тарилга хийлгэхээс өмнө хэсгийн мэдээ алдуулах түрхлэг байгаа эсэхийг эмч болон сувилагчаасаа асуух зэргээг зохицуулах боломжтой;
- мөн глюкозын уусмал байгаа эсэхийг, хүүхдэд тань хэрэглэхэд тохиромжтой эсэх талаар эмч болон сувилагчтайгаа зөвлөлдөж болно.
Вакцин хийлгэснээс үүдэн гарах түгээмэл гаж нөлөө
- Зүү хатгасан хэсэгт улайх болон хавдах
- Хүүхэд тавгүйрхэх эсвэл унтаа болох
- Заримдаа зүү хатгасан хэсэгт жижиг булдруу үүсэн хэдэн долоо хоног юм уу сар үргэлжилж болох бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл тул эмчилгээ шаардлагагүй байдаг.
- Халуурах (биеийн хэм 38.5°C-аас дээш халуурах)
Вакцин хийлгэсний дараа хүүхдийн бие тавгүйрхсэн тохиолдолд авах арга хэмжээ
- ердийнхөөс илүү шингэн өгөх
- халууцаж байгаа бол хэт зузаалахгүй байх
- тариулсан хэсэгт хүйтэн даавуугаар жин тавих
хэрэв хүүхэд зовиуртай байх эсвэл халуурч байгаа бол өвчин намдаах эм болох парацетамол зэргийг уулгах хэрэгтэй. Ингэхдээ саван дээр зааврыг сайтар мөрдөх юм уу хэрхэн хэрэглэх талаар эм зүйчтэй зөвлөөрэй.
Насанд хүрэгчдийн вакцинжуулалт
Нялх хүүхэдтэй хамт амьдарч буй бүх насанд хүрэгчид зохих вакцинжуулалт буюу урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан байхыг зөвлөдөг. Ялангуяа, хөхүүл ханиадны эсрэг тарилгыг тариулсан байх нь чухал ач холбогдолтой.
Урьдчилан сэргийлэх тарилгуудыг:
- Өрхийн эмнэлэгүүд
- Уугуул Иргэдэд Зориулсан Эрүүл Мэндийн Үйлчилгээнүүд
- Зарим орон нутгийн удирдах газар
- болон зарим нийтийн эрүүл мэндийн төвүүд буюу community health centres дээр хийлгэх боломжтой.
Өөрийн байгаа газартаа ямар үйлчилгээнүүд байгаа талаар мэдээллийг Олон Нийтийн Эрүүл Мэндийн Хэсгийн 1300 066 055 утсаар холбогдон авах боломжтой.




