Би хүүхдээ юугаар хооллох хэрэгтэй вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас нярай хүүхдийг 6 сар орчим хүртэл зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллохыг, цаашлаад 2 нас хүртэл болон түүнээс дээш үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөж байна. Эхийн сүүгээр дагнан хооллох гэдэг нь ус, жимсний шүүс, хүний бус сүү (өрхийн эмч эсвэл хүүхдийн эмчийн зөвлөсөн амин дэм, эрдэс бодис болон эмийг эс тооцно) болон өөр хоол, ундаа хэрэглэхгүй гэсэн үг юм.
6 сар орчимтойгоос төмрөөр баялаг хоолоор (жишээ нь татсан мах, загас, тахиа эсвэл шош) эхлэн, цаашлаад төрөл бүрийн бор хоол буюу бүхэл хоолыг танилцуулж эхлэхийн сацуу 2 нас хүртэл болон түүнээс дээш хугацаагаар хөхөө үргэлжлүүлэн хөхүүлсээр байна.
Та хүүхдээ ямар ч байдлаар хооллохыг сонгосон, бид таны сонголтыг дэмжиж, таныг шаардлагатай мэдээлэл болон зөвлөмжөөр хангахад бэлэн байх болно.
Хэрэв танд ямар нэгэн асуулт байвал, эх баригч эмч, хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч (CFHN), эхийн сүүгээр хооллолтын зөвлөх (lactation consultant), эхийн сүүгээр хооллолтын талаар дэмжлэг үзүүлэх эмнэлэг (breastfeeding support clinic) эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол
Эхийн сүүгээр хөхүүлэн хооллох нь таны хүүхдийн эрүүл мэнд, энх тунх байдал болоод өсөлт хөгжилд хамгийн тохиромжтой хувилбар юм. Эхийн хөхний сүү нь цэвэр ариун, үнэ төлбөргүй, үргэлж бэлэн бөгөөд нялх хүүхэд уухад аюулгүй байдаг.
Эхийн сүүгээр хооллолтын ашиг тус: Хүүхдэд
- Хүүхдийг 6 сар хүртэл шаардлагатай шим тэжээлийн хэрэгцээгээр бүрэн хангадаг.
- Өвчин, халдварт өвчлөлөөс хамгаалах дархлааны тогтолцоог бий болгоход тусалдаг.
- Шингэц сайтай.
- Хүүхдийн жингийн илүүдэл болон хэт таргалалтад өртөх эрсдэлийг бууруулж, цаашлаад хожим хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин өвчинд өртөх эрсдэлийг бууруулах боломжтой.
- Эхийн сүүгээр хооллодог хүүхэд илүү эрүүл чийрэг байх хандлагатай байдаг ба энэ нь эмчид үзүүлэх давтамж болоод эм, эмчилгээний зардлыг мөн бууруулна гэсэн үг.
- Хөхүүлэх үед эх үрийн холбоо илүү бэхжиж, ээнэгшил явагддаг.
Эхийн сүүгээр хооллолтын ашиг тус: Эхэд
- Төрсний дараах цус алдалтыг бууруулах боломжтой.
- Сав агшилтыг дэмжиж, хэвийн байдалдаа хурдан орох нөхцөлийг бүрдүүлдэг.
- Жирэмслэлтээс үүдсэн жинг бууруулахад тустай.
- Зарим төрлийн хорт хавдар болон яс сийрэгжилт өвчний эрсдлийг бууруулах магадлалтай.




