Skip to main content
Бүх цэсийг харах

Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол

Жирэмсний сүүлийн гурван сар
A A A

Шууд шилжих:

    Эхийн сүүгээр хооллолт: Таны мэдэх хэрэгтэй зүйлс

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO) хүүхдийг ойролцоогоор 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох, түүнчлэн 2 нас хүртэл болон түүнээс дээш хугацаанд хөхөөр хооллолтыг үргэлжлүүлэхийг зөвлөдөг.

    Эхийн сүүгээр дагнан хооллох гэдэг нь хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ус, жүүс, ургамлын цай, амьтны сүү зэрэг өөр ямар ч хоол, унд өгөхгүй гэсэн үг (зөвхөн өрхийн болон хүүхдийн эмч зөвлөсөн тохиолдол л витамин, эрдэс бодис, болон эм өгч болно).

    6 сар орчимтойгоос төмрөөр баялаг (жишээ нь татсан мах, загас, тахиа эсвэл шош) хоолоор эхлэн, цаашлаад төрөл бүрийн бор хоол буюу бүхэл хоолыг танилцуулж эхлэхийн зэрэгцээ 2 нас хүртэл болон түүнээс дээш хугацаагаар хөхөө үргэлжлүүлэн хөхүүлсээр байхыг зөвлөж байна.

    Та хүүхдээ ямар ч байдлаар хооллохыг сонгосон, бид таны сонголтыг дэмжиж, таныг шаардлагатай мэдээлэл болон зөвлөмжөөр хангах нь бидний зорилго юм.

    Хэрэв танд ямар нэгэн асуулт байвал, эх баригч эмч, хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч (CFHN), эхийн сүүгээр хооллолтын зөвлөх (lactation consultant), эхийн сүүгээр хооллолтын талаар дэмжлэг үзүүлэх эмнэлэг (breastfeeding support clinic) эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

    Эхийн сүү гэж юу вэ?

    Expand all
    Collapse all

    Ангир уураг (анхны сүү)

    Ангир уураг нь:

    • маш онцгой, шим тэжээлээр баялаг сүү бөгөөд хүүхдийн ходоод гэдсийг хөгжүүлэх
    • өвчлөлөөс хамгаалах ач холбогдолтой
    • өтгөн, шаргал өнгөтэй
    • бага хэмжээтэй ч хүүхдэд хэрэгтэй бүхий л шим тэжээлийг агуулж байдаг.

    Төрсөн даруйд хүүхдэд багахан хэмжээний сүү хангалттай. Дөнгөж төрсөн нярайн ходоод маш жижиг (ойролцоогоор интоорын хэмжээтэй) байдаг.

    Хөхний сүү

    Төрсний дараа дунджаар 2–3 хоногоос сүү орж, сүүний хэмжээний нэмэгдэж эхэлдэг. Энэ үед таны хөх дүүрэн, эсвэл хүнд болсон мэт санагдаж болно. Энэ нь хэвийн үзэгдэл юм.

    Таны сүү:

    • өнгөний хувьд цайвар болох
    • сүүний хэмжээ нь нэмэгдэх
    • хүүхэд өсөхийн хэрээр өөрчлөгдөх болно.

    Таны бие хүүхдэдээ хэрэгтэй хэмжээний сүүг бий болгох чадамжтай байдаг. 

    Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол

    Хүүхдэд

    • Хүүхдийг 6 сар хүртэл шаардлагатай шим тэжээлийн хэрэгцээгээр бүрэн хангадаг.
    • Өвчин, халдвараас хамгаалах дархлааны тогтолцоог дэмждэг.
    • Шингэц сайтай.
    • Хүүхдийн жингийн илүүдэл болон хэт таргалалтад өртөх эрсдэлийг бууруулж, цаашлаад хожим хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин өвчинд өртөх эрсдэлийг бууруулах боломжтой.
    • Эхийн сүүгээр хооллодог хүүхэд илүү эрүүл чийрэг байх хандлагатай байдаг ба энэ нь эмчид үзүүлэх давтамж болоод эм, эмчилгээний зардлыг мөн бууруулна гэсэн үг.
    • Хөхүүлэх үед эх үрийн холбоо илүү бэхжиж, ээнэгшил явагддаг.

     

    Эхэд

    • Төрсний дараах цус алдалтыг бууруулах боломжтой.
    • Сав агшилтыг дэмжиж, хэвийн байдалдаа хурдан орох нөхцөлийг бүрдүүлдэг.
    • Жирэмслэлтээс үүдсэн жинг бууруулахад тустай.
    • Зарим төрлийн хорт хавдар болон яс сийрэгжилт өвчний эрсдэлийг бууруулах магадлалтай.

     

    Тусламж хэрэгтэй бол

    Хэрэв танд хөхөөр хооллох талаар тусламж хэрэгтэй бол өрхийн эмч, эх, хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч, хөхөөр хооллолтын зөвлөх эсвэл эх баригч эмчдээ хандаарай.

    Сүүлийн шинэчлэлт: 19 May, 2026 - 02:09
    Дээш буцах