Эрүүл хүүхдийн төлөө хооллох нь
Эрүүл, зөв хооллох нь таны сэтгэл санааг өргөж мөн ургийг тань шаардлагатай шим тэжээлээр хангадаг.
Юуг, хэр хэмжээгээр хэрэглэвэл зохих вэ?
Жирэмсний эхний 3 сард илчлэгийн хэрэгцээ төдийлөн өөрчлөгддөггүй бөгөөд жирэмсний өмнөх үеэсээ өөрчлөх шаардлагагүй байдаг.
3 сарын дараагаас таны хооллох хэрэгцээ бага зэрэг нэмэгдэх хандлагатай байдаг: жишээ нь өдөрт иддэгээсээ нэг жимс, нэг өндөг, нэг порц хүнсний ногоо, нэмэлт зүсэм дүфү, тахианы хэрчим мах, эсвэл туна загас гэх мэт нэмж хэрэглэж болно.
Жирэмсэн үед хэрэглэх хоол хүнсний хэмжээ нь таны жирэмслэлтээс өмнөх жин болоод хөдөлгөөний түвшингээс хамаарна.
Зөвлөмж
- Өдөр бүр аль болох таван бүлэг (хүнсний ногоо, жимс жимсгэнэ, талх болон үр тариа, мах эсвэл орлуулах бүтээгдэхүүн, цагаан идээ) хоолноос тэнцвэртэйгээр хослуулан, шим тэжээлийн өргөн сонголттой хооллохыг зорилго болгох нь зүйтэй.
- Бүхэл үрийн болон эслэг өндөртэй талх, тариа тухайлбал бүхэл үрийн талх эсвэл бор будаа зэргийг сонгон хэрэглэх нь тустай.
- Усыг хангалттай хэмжээгээр уух.
- Согтууруулах ундаанаас зайлсхийх.
- Ханасан өөх тос, давс, элсэн чихрээр баяжуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах нь зохистой. Тухайлбал шарсан төмс, бялуу, амттан болон хийжүүлсэн ундаа зэргийг хэрэглэхээс аль болох татгалзаарай.
Уламжлалт хоол хүнсний хэрэглээ
Жирэмсэн үед өөрийн үндэсний, уламжлалт хоол хүнсээ хэрэглэх болон ёс заншлаа дагах нь сэтгэл санаа өөдрөг байхад тустай байдаг. Хэрэв эдгээр хоол хүнс нь жирэмсний үед хэрэглэхэд аюулгүй бол тэнцвэртэй хооллолтондоо уламжлалт хоол хүнсээ багтаан хэрэглээрэй.
Жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй хоол хүнсний талаар хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөж болно. Хэрэв танд ёс заншил болоод соёлын үүднээс хэрэглэдэг хоол хүнс байгаа бол энэ талаараа сувилагч болон эмчдээ хэлэх нь тэдэнд таны соёлд нийцсэн зөвлөгөө өгөхөд дэм болно.
Жирэмсэн үед татгалзвал зохих хоол хүнс
Зарим хоол хүнс нь жирэмсний үед хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Жирэмсэн болсноор таны дархлаа сулрах хандлагатай байдаг тул зарим төрлийн хоол хүнсэн дэх нянгаас үүдэх элдэв өвчлөл болон халдвартай тэмцэх чадвар сул болсон байх талтай байдаг.
Татгалзвал зохих хоол хүнсэнд:
- Ариутгаагүй сүү болон сүүн бүтээгдэхүүн
- Зөөлөн бяслагууд болох бри/brie, камемберт/camembert, рикотта/ricotta, фета/feta, болон хөх бяслаг/blue cheese зэрэг
- Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн болох гахай, цацагт хяруул, болон гахайн утсан болон утаагүй махнууд
- Утсан загас (74°C/165°F-өөс дээш хэмд болгоогүй тохиолдолд)
- Түүхий болон дутуу болгосон өндөгнүүд
- Бүх төрлийн ариутгаагүй бүтээгдэхүүн
- Түүхийн загас, дун болон хясаа
- Хөргөгчид хадгалаагүй өндөг
- Тахини эсвэл гүнждийн түрхлэг орсон хоол хүнс (жишээ нь хүммүс)
- Дэлгүүрийн бэлэн, савалгаатай салат эсвэл хавчуургатай талх зэрэг багтана.
Жирэмсэн үед загасыг хэрхэн хэрэглэх талаар зөвлөмж:
- Тодорхой нэр төрлийн загаснуудаас бага хэмжээгээр буюу долоо хоногт 1-3 удаа идэж болно.
- Том загаснууд болох махчин загас, марлин, болон илд загасны махыг хэрэглэхгүй байх нь зохимжтой. Учир нь эдгээр загасны маханд мөнгөн ус их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн тархи болон мэдрэлийн хөгжилд саад болж, гэмтээх аюултай.
Өтгөн хаталт
- Ширхэглэгтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэх болон усыг хангалттай хэмжээгээр уух нь өтгөн хаталтаас сэргийлэхэд тустай.
- Бүхэл үрийн нэвс буюу cereals, жимс, ногоо болон шошийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Хэдийгээр жимс болон хүнсний ногоо нь жирэмсэн хүнд аюулгүй бөгөөд эрүүл хооллолт боловч нянгийн эрсдэлээс сэргийлж, урьдчилан бэлтгэсэн, савлагаатай бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд архи болон согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээр нь ураг болон хүүхдэд сөрөг нөлөөтэй байдаг. Энэ үеэр бүх төрлийн согтууруулах ундаанаас татгалзах нь хамгийн аюулгүй сонголт юм




