Skip to main content
Бүх цэсийг харах

Нялх хүүхэдтэйгээ тоглох нь (2-4 сартай)

2-4 cap
A A A

Тоглоомын арга нь хүүхдийн шинэ зүйлст суралцах үндсэн арга юм. Хүүхдийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах хамгийн шилдэг аргуудын нэг бол тэдэнтэй хамт тоглох явдал юм.

Хүүхэдтэйгээ хамт тоглон цагийг зугаатай өнгөрөөж болох зарим санаануудаас:

  • Түрүүлгэ нь харуулан гэдсэн дээр нь хэвтүүлэх дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийлгээрэй. Ингэхдээ 5 минутаас эхлэн бага багаар нэмэгдүүлсээр өдөрт хамгийн багадаа 30 минут хийлгэхийг зориорой.
  • Хүүхдийнхээ ойрхон дээш харж хэвтээд эргэн хөрвөөж түрүүлгээ харан хэвтэж үзүүлэх үйлдлийг хийвэл хүүхэд тань таныг дуурайн хийх санаа төрөх түүнчлэн оролдого хийж үздэг.
  • Түрүүлгээ харан хэвтэж байхад нь хүүхэд рүүгээ бөмбөг өнхрүүлэх.
  • Хүүхдээ тэргэн дээр нь суулган гадуур алхах. Ингэхдээ хүүхэдтэйгээ ярилцан өөрт харагдаж байгаа зүйлсээ дүрслэн тайлбарлаж явбал зохино.
  • Хүүхэддээ ном уншиж өгөх. Хүүхэд таны дуу хоолойг сонсох дуртай байхаас гадна номыг эрүүлж тойруулан тоглох дуртай байдаг.
  • Хүүхэд өөр өөр загвар, дүрстэй зүйлст дуртай байдаг тул зугаатай хэлбэр дүрс бүхий тоглоом, дэвсгэр, болон хувцас харуулах болон хэрэглүүлэх. Хэрэв хүүхэд тань тодорхой нэг дүрс рүү харж байгааг нь анзаарвал уг дүрс рүү нь заан “миний хүү/охин энэ дүрсийг харж байгаа юм уу?” “энэ дүрсийг дугуй эсвэл дөрвөл дүрс гэдэг юм” гэх мэтчилэн хэлж өгөх нь тустай.

Бусад эцэг эхчүүдийн бүлгэмд нэгдэх эсвэл тоглоомын бүлгэм (playgroup)-д нэгдэх зэрэг байж болно.

 

Хүүхэддээ тэнцвэрээ олох болон өөрийн биеэ мэдэрч сурахад нь дэмжлэг үзүүлэх нь 

Хүүхдийн биед 2 чухал эрхтэн тогтолцоо байдаг бөгөөд нярай үеэс эхлэн хөгжих байдаг. Үүний нэг нь үүдэвчийн тогтолцоо (vestibular system) бөгөөд хүүхэд тэнцвэрээ олоход тусалдаг  бол нөгөө нь гүний мэдрэмжийн тогтолцоо (proprioception system) бөгөөд хүүхэд өөрийн биеэ танин мэдэж, орон зайд биеийн байрлалыг тодорхойлоход тусалдаг. 

Яагаад хүүхдийнхээ тэнцвэрийн тогтолцоонд анхаарал хандуулах нь чухал вэ?

Тэнцвэрийн тогтолцоо нь хүүхдийг унахгүй өөрийн биеэ чиглүүлэн зогсоход тусалдаг. Түүнчлэн хүүхдийн булчингийн чадал, хаана байгаагаа мэдрэх, сэрэмжтэй байх болон хөдөлж буй зүйлсийг дагуулан харахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Хүүхдийн тэнцвэрийн тогтолцоог хөгжүүлэхэд тустай зарим аргуудаас дурдвал:

  • хоёр тийш нь зөөлөн ганхуулах болон цогиулах;
  • газар дээр хөрвөөлгөх;
  • бөмбөгийг тал тал тийш нь хөдөлгөн дагуулж харуулах зэрэг байж болно.

Яагаад хүүхдийнхээ өөрийн биеэ мэдрэх тогтолцоонд багаас нь анхаарал хандуулах нь чухал вэ?

“Өөрийн биеэ мэдрэх” гэдэг нь хүүхэд өөрийн бие эрхтнээ хэр сайн мэдэрч ойлгон, хэрхэн удирдан хөдөлгөхөө мэдэж байгаа тухай ойлголт юм. Хүүхэд өөрийн биеэ мэдэрч, ойлгосноор өөрийн биеэ удирдан залж, анхаарлаа төвлөрүүлж, босож зогсох зэрэг үйлдэл хийхээс гадна бүр цаашилбал хэл ярианы хөгжил сайжрахад нь тус болдог.

Хүүхэд өөрийн биеэ мэдэрч, ойлгоход дэмжлэг үзүүлэх арга замууд:

  • Шалан дээр тоглох: гэдсээр нь түрүүлгэ нь харуулан хэвтүүлэх болон мөлхөхөд нь дэмжлэг үзүүлэх 
  • Иллэг хийж өгөх: тойрог маягаар зөөлөн товших, нидрэх, эсвэл үрэх хөдөлгөөн хийх маягаар биеийн чилээг нь гаргах мөн тэврэх нь ч сайхан иллэгийн нэг хэлбэр болно;
  • Бие дээгүүр бөмбөгийг зөөлнөөр өнхрүүлэх зэрэг байж болно.

Эдгээрийг болон ижил төсөөтэй зүйлсийг хийснээр хүүхдийн тань бие чангарч мөн өөрийн биеэ илүү ойлгож, танин мэдэхэд нь тустайгаас гадна ерөнхий эрүүл мэнд болоод шинэ зүйлс сурч хөгжихөд нь мөн дэмтэй. 

 

Сүүлийн шинэчлэлт: 14 Aug, 2025 - 06:06
Дээш буцах