Skip to main content
Бүх цэсийг харах

Бор хоол буюу бүхэл хоолонд орох

4-6 cap
A A A

Шууд шилжих:

    Хэзээ бор хоол буюу бүхэл хоол өгөх тухай

    Эхийн сүү эсвэл нярайн сүүн тэжээл нь хүүхдийг 6 сар хүртэл шаардлагатай шим тэжээлээр бүрэн хангадаг. 6 сартай орчмоос хүүхдийн цаашдын өсөлт хөгжилд төмөр, кальци, болон эрч хүчээр хангах нэмэлт хоол шаардлагатай болдог. Хүүхэд тань бор хоолонд орж эхэлсэн ч эхийн сүү нь хүүхдийн тань хооллолтын гол бүрэлдэхүүн байсаар байхыг анхаарна уу.

    Төрөл бүрийн хоол хүнстэй танилцах нь зугаатай бөгөөд хүүхдийн тань цаашдын эрүүл мэнд, өсөлт хөгжил болоод зан байдалд чухал нөлөөтэй байдаг. Хүүхдэд тань болон танд аль алинд нь тохиромжтой байгаа бол аль болох удаан эхийн сүүгээр хөхүүлэн хооллохыг зөвлөх байна. Эхийн сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд нярайн сүүн тэжээлээр орлуулах нь тохиромжтой. 

    Хүүхэд маань бор хоолонд ороход бэлэн болсон уу? 

    Ихэнх хүүхэд 6 сартай орчимд бор хоолонд ороход бэлэн болдог. 

    • 4 сар хүрэхээс өмнө сүүнээс өөр хоол өгч болохгүй
    • 6 сар хүрэхээс өмнө ус болон бор хоол буюу бүхэл хоол өгөх шаардлагагүй
    • Эхийн сүү эсвэл нярайн сүүн тэжээл нь 6 сар хүртэл хангалттай байдаг

    Хүүхэд тань бор хоолонд ороход бэлэн болсныг илтгэх шинжүүд:

    • Аливаа дэмжлэггүйгээр толгойгоо бүрэн даасан
    • Бага зэргийн дэмжлэгтэйгээр сууж чаддаг
    • Хөхөлт хүчтэй болсон байх ба хазаж болон зажилж эхэлсэн байх
    • Халбагаар хоол амруу нь ойртуулахад амаа ангайж байх
    • Идэх юм руу хүрэх оролдлого хийх, хоол хүнсийг сонирхож эхэлсэн (харц, үйл хөдлөл болон дуу авиа зэргээр илэрхийлж байх) зэрэг багтана.

     

    Хэт эрт болон оройтуулж бор хоолонд оруулахаас үүдэн гарч болох сөрөг үр дагаврууд

    Expand all
    Collapse all

    Хэт оройтож бор хоолонд орохоос үүдэн гарах асуудлууд

    • Шим тэжээлийн дутагдал жишээ нь төмрийн дутагдал
    • Өсөлтийн хоцрогдол
    • Хэл ярианы доголдол (эрүүний яс, булчингийн хөгжлийн хоцрогдоос шалтгаалсан)
    • Хоол хүнсний харшилтай болох магадлал нэмэгдэх
    • Шинэ төрлийн хоол хүнс болон өөр өөр төрлийн хэлбэр бүтэцтэй хоол хүнсийг голдог болох 
    • Зажлах чадвар сул байх зэрэг асуудлуудыг дагуулах магадлалтай. 

    Хэт эрт бор хоолонд орохоос үүдэн гарах асуудлууд

    Хүүхэд 4 сар хүрэхээс өмнө бор хоол буюу бүхэл хоол өгч болохгүйн шалтгаан нь хүүхдийн эрхтэн тогтолцоо, амны хөндийн булчингууд болон дархлааны тогтолцоо бор хоол буюу бүхэл хоолыг шингээн, боловсруулах хэмжээнд хүрч хөгжиж гүйцээгүй байдаг.

    Хэт эрт бор хоолонд оруулах нь:

    • Хахах
    • Хүүхдийн гэдэс хоол боловсруулахад бэлэн биш учраас өвдөх эсвэл гүйлгэх
    • Хөхний сүү татрах (хөхүүл эхчүүдийн хувьд) зэрэг асуудлуудыг дагуулах магадлалтай. 

    Хүүхдээ бор хоолонд ороход бэлтгэхэд тустай зарим зөвлөмжүүд

    • Өдрийн цагаар хүүхдийг аль болох гэдсэн дээр нь түрүүлгэ нь харуулан тоглуулах буюу tummy time хийх нь хүүхдийн хүзүү, нуруу болон гарын булчинг бэхжүүлж, хөгжүүлэхэд дэмтэй байдаг. Уг дасгалыг өдөрт 30 минут орчим хийхийг зорих.
    • Хүүхдийнхээ урд тоглоом тавьж, тоглоомонд хүрэх болон гараараа барьж авах оролдлого хийх нөхцлийг бүрдүүлэх, оролдлогуудыг нь хөхүүлэн дэмжих.
    • Хүүхдийн зажлах чадварыг дэмжихийн тулд хаздаг тоглоом, хатуу бөгөөд зажлууртай хүнс болох хатаасан жигнэмэг буюу rusk эсвэл мангоны гол буюу mango pit зэргийг хэрэглүүлэх.
    • Гэр бүлээрээ хооллох үеэрээ хүүхдээ мөн хамт байлгаж, гэр бүлийн гишүүдийн өөр өөр хоолыг амтархан идэж байгааг харуулах.
    • Хүүхэдтэйгээ хамт хоолтой холбоотой ном унших болон өөр өөр төрлийн хоол хүнсний талаар ярилцах зэрэг аргууд багтаж болно. 

     

    Мөн хүүхэддээ зориулан авч болох зарим төхөөрөмж, хэрэглэгдэхүүнүүд

    • Хүүхдийн хоолны ширээ буюу high chair: Хүүхдийн нуруу болон хөлөнд тулгуур сайтай ширээг сонгох нь чухал. Энэ нь хүүхдэд тухтайгаас гадна аюулгүй суун хооллоход дэмтэй. Хэрэв зориулалтын хүүхдийн хоолны ширээнд суулгах боломжгүй бол хүүхдээ аль болох аюулгүй байдлаар барин, түшиж хооллохыг анхаарна уу.
    • Хүүхдийн халбага: Хүүхдийн халбага нь резин буюу силикон эсвэл хуванцар материалаар хийсэн, зөөлөн бөгөөд хавтгайдуу хэлбэртэй байвал зохино. Энэ нь халбагадахад хялбар бөгөөд хүүхдийн аманд зөөлөн байдаг.
    • Хуванцар болон резин/силикон аяга болон таваг хэрэглэх нь тохиромжтой.
    • Аяга: Хүүхэд 6 сар хүрснээс хойш та хүүхэддээ задгай амтай аяганаас ус өгч эхлэх нь зүйтэй. 
    • Хүүхдийн энгэрэвч/шүлсэвч

    Нэмэлт мэдээлэл

    Хахах шинж тэмдгүүд болон хүүхэд хахвал ямар арга хэмжээ авах талаар судлаарай. Анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар болон хамаарах сургалтын талаар дараах холбоосуудаар орон мэдээлэл авах боломжтой:

    Хүүхэд бүр өөр гэдгийг санаарай. Хүүхдийнхээ үзүүлж буй шинж тэмдгийг анзаарч, яаралгүй, аажмаар урагшилж, энэ үеийг хамтдаа жаргаж өнгөрүүлээрэй.

    Хэрэв эргэлзээ байгаа бол Эх, хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмчдээ хандан зөвлөгөө аваарай.

    Сүүлийн шинэчлэлт: 19 May, 2026 - 02:02
    Дээш буцах