Хүүхдийнхээ өсөлтийг эрүүл мэндийн мэргэжилтнээр хэмжүүлэн, эрүүл, хэвийн бойжиж байгаа эсэхийг шалгаж байх нь чухал юм.
Таны харьяа хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмч хүүхдийн тань өсөлтийг хэмжиж, өсөлтийн график дээр тэмдэглэгээ хийн, хянах боломжтой. Өсөлтийн графикийг хүүхдийн хувийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлийн дэвтэр -ээс харах боломжтой байдаг. Таны амьдарч буй газраас хамааран, энэхүү бүртгэл хөтлөлийн дэвтрийг цэнхэр, нил ягаан, улаан, ногоон эсвэл шар дэвтэр хэмээн өөр, өөрөөр нэрлэж байж болно.
Жин
Хүүхэд эхний нэг жилд маш хурдтай өсдөг. Ерөнхийдөө, 4 сартай орчимд ихэнх хүүхэд төрсөн жингээ хоёр дахин, 12 сартай орчимд гурав дахин нугалсан байх хандлагатай байдаг.
Эхний 12 сард хүүхдээ жинлэх бүртээ аль болох хувцсыг нь тайлан, илүү бодит хэмжилт хийхийг зорих нь чухал.
Өндөр
Хүүхдийг жинлэхдээ өндрийг нь мөн хэмждэг. Хүүхдийнхээ хооллолтыг өөрчлөхөөс өмнө жинг нь үзэх нь чухал гэдгийг анхаараарай.
Өсөлтийн графикийг хүүхдийн хувийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлийн дэвтрээс харах боломжтой. Хүүхдийн хувийн бүртгэл хөтлөлийн дэвтрийг татаж авах бол энд дарна уу.
Хүүхдийнхээ өсөлтийг хянах нь
Хүүхдийнхээ өсөлтийг хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч юм уу өрхийн эмчийн тусламжтайгаар хянах боломжтой. Хүүхдийн жин өдөр тутамдаа хэлбэлзэж байх магадлалтай тул өсөлтийг нь тодорхой давтамжтайгаар хянаж байх нь зохистой.
Боломжтой бол хүүхдийнхээ хэмжилтүүдийг нэг хүнээр, ижил жин дээр хийлгэвэл илүү бодит хэмжилтүүд хийгдэх магадлалтай. Учир нь хүүхдийн хэмжих төхөөрөмжүүд харилцан адилгүй байх тохиолдлууд анзаарагддаг.
Толгойн тойрог (толгойн тойргийн хэмжээ)
Хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмч хүүхдийн толгойн тойргийн хэмжээсээр хүүхдийн толгой хэвийн өсөж байгаа эсэхийг тодорхойлдог. Мөн толгойн хэлбэр, нүүрний хэлбэр болон бүтцэд үзлэг, ажиглалт хийдэг.
Хэрэв танд санаа зовниж буй асуудал байгаа бол
Хүүхдийн өсөлт хэвийн явагдахгүй байх хэд хэдэн шалтгаан байж болно. Хэрвээ танд хүүхдийнхээ өсөлт, хөгжилтэй холбоотой ямар нэгэн сэтгэл зовних асуудал байгаа бол эрүүл мэндийн мэргэжилтэнтэй ярилцах нь хамгийн зөв шийдэл юм.
Хүүхэдтэйгээ хамгийн их цагийг өнгөрөөж буй хүн нь та тул, хүүхдэд тань ямар нэгэн өөрчлөлт явагдаж байгаа эсэхийг хамгийн сайн тайлбарлаж чадах хүн нь та юм. Өөрийн мэдрэмж, зөн совинд итгэж, цаг алдалгүйгээр мэргэжлийн тусламж, зөвлөгөө авах нь нэн чухал.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдолтой холбоотой, ач холбогдол бүхий дүрс бичлэгийг дор оруулснаас үзнэ үү.




