Шууд шилжих:
Ямар хүлээлттэй байх вэ?
- Хүүхэд өлсөх юм уу тавгүйтсэнээс үүдэн шөнө сэрэх нь хэвийн үзэгдэл юм. 4 сартай орчмоос нялх хүүхдүүд сэрэхгүйгээр 4-5 цаг болон түүнээс дээш унтах чадамжтай болдог.
- Нялх хүүхдүүд өдрийн цагаар 1-2 цаг сэрүүн байгаад эргэн унтдаг.
- Нялх хүүхэд унтахын тулд 3-30 минут зарцуулдаг бөгөөд дутуу сэрсэн тохиолдолд та хүүхдээ тайвшруулан буцааж унтуулж болох ба ингэхийн тулд 25-30 минут зарцуулах магадлалтай.
Хүүхэд 3-4 сартай орчимд, та хүүхдийнхээ унтлагын цагаас өмнө, дараах зүйлсийг өдөр бүр давтан хийж, унтлагын горимд сургаж эхлэх боломжтой. Үүнд:
- өдрийн цагаар нарны шууд тусгалаас халхлагдсан орчинд тодорхой хугацаанд агаарлах
- өдөр бүр хүүхдээ түрүүлгэ нь харуулан тоглуулах ба шалан дээр тоглуулах нь тустай. Эдгээр нь хүүхдийг ядраан сайтар нойрсох боломжийг олгодог.
- хүүхэд өлссөн шинж байдал гаргах үед нь хооллон, цадсан шинж байдал үзүүлэх үед нь зогсоох;
- орой унтахын өмнө бүлээн усанд оруулах.
- оронд нь оруулахаас өмнө живхийг шинэ хуурай живхээр солих.
- хүүхэд болон танд таатай байгаа бол хүүхэддээ аль болох иллэг бариа хийж өгөх.
- хүүхэдтэйгээ хоёулхнаа тоглох цаг гаргах, жишээ нь ном унших, хүүхэдтэйгээ ярилцах, болон эрхлүүлэх
- дэлгэц үзүүлэхгүй байхыг хичээх
- унтахаас 1 цагийн өмнө хурц тод гэрлүүдийг унтраах
- хүүхдээ ядарсан шинж үзүүлэх үед нь оронд нь хэвтүүлэх
- хэрвээ өлгийддөг бол оронд нь хэвтүүлэхээс өмнө өлгийдээрэй. Харин хүүхэд эргэж хөрвөөж эхэлснээс хойш өлгийдөхийг зогсоох нь чухал.
Хүүхдийн нойрны хэмнэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Karitane болон Tresillian -аас авах боломжтой.
Ингээд ч унтахгүй байгаа үед яах вэ?
Та бүхий л аргыг туршиж үзсэн хэдий ч, хүүхэд тань унтахгүй байвал унтуулах гэж оролдохоо азнаад, дараах аргуудын аль нэгийг туршиж үзэж болно. Үүнд:
- усанд оруулах
- гадуур алхах
- хооллох
- өөр тусалж болох хүн байвал түр хүүхэд саатуулж туслахыг хүсэх зэрэг аргуудын туршиж үзэж болно.
Хүүхдээ унтахад нь туслах нь
Төрсөн цагаас эхлэн хүүхэд тогтмол хооллох, тоглох, болон унтах хэвшмэл хуваарьтай болгоход туслах хэд хэдэн эрүүл зөв дадлууд байдаг. Аль арга нь таны хүүхэд болон танай гэр бүлд тохирох нь харилцан адилгүй.
Хүүхдүүд тайван, цатгалан, бөгөөд аюулгүй байгаагаа мэдэрч байгаа үедээ сайн унтаж амардаг.
Хэрэв хүүхэд тань тавгүйрхэн уйлж, унтаж чадахгүй байвал доорх аргуудаас туршиж үзээрэй:
- Хэт чанга дуу чимээг намсгах
- Хүүхэдтэйгээ намуухнаар ярилцах: Бүүвэйн дуу намуухан аялах юм уу, хүүхэдтэйгээ зөөлөн өнгөөр ярилцах, жишээ нь “зүгээр дээ үр минь”, “унтах цаг болж байна” гэх мэт. Хэт чанга, эсвэл цочмог чимээ нь хүүхдийг цочоон, тавгүйтүүлдэг
- Зөөлөн хүрэх: Гэдсэн дээр нь гараа зөөлөн тавих болон гар эсвэл толгойг нь зөөлнөөр илэх
- Гудсыг нь товших: Биеийнх нь ойролцоо хэсэгт гудсан дээр нь зөөлнөөр алгаараа товших
- Зөөлөн бүүвэйлэх: Зөөлнөөр бүүвэйлэх эсвэл орыг нь нааш цааш зөөлөн бүүвэйлэн хөдөлгөх
- Тэвэрч тайтгаруулах: Хүүхдээ авч, толгой болон хүзүүг нь түшин, биедээ ойртуулан тэврэх зэрэг аргуудыг хэрэглэж болно. Ингэхдээ өөр өөр байрлалаар тэвэрч болно, жишээ нь өвөр дээрээ, энгэр дээрээ, эсвэл мөрөө түшүүлэн тэврэх зэрэг байж болно.
Хүүхэд уйлахад дасан зохицох нь
Хүүхэд тань ихээр уйлах нөхцөл байдалд дасан зохицох гэдэг амаргүй. Тиймээс хэт ядарч, бухимдахаас сэргийлэн, өөртөө анхаарал тавих нь чухал. Хүүхэд тань эргэн тойронд нь юу болж байгааг мэдрэх чадвартай байдаг бөгөөд уг нөхцлөөс шалтгаалан илүү их уйлж болно.
Заримдаа хүүхдээ орон дээр нь аюулгүй нөхцөлд түр орхин холдох юм уу туслах хүн байвал түр хүүхдээ харуулан өөртөө тайвшрах хэдэн хором олгох нь зүйтэй. Гэхдээ өөрөө тайвширсан даруйдаа хүүхэд дээрээ эргэн ирэх нь чухал гэдгийг санаарай.
Өөрийгөө тайвшруулж болох зарим аргуудаас:
- гүнзгий амьсгаа авах
- ус уух
- өөртөө эерэг үгс хэлэх, жишээ нь “энэ бол түр зуурынх”, “уйлах нь хэвийн үзэгдэл”, “би үүнийг даван гарч чадах болно” гэх мэт
- дотны найз, гэр бүлийн гишүүд эсвэл эцэг эхчүүдийг дэмжих үйлчилгээтэй холбогдох зэргийг туршиж үзээрэй.
Уйлж буй хүүхдээ аргадан, тайтгаруулах зарим аргуудаас:
- хүүхдээ өлссөн, ядарсан, эсвэл живхийг нь солих болсон эсэхийг шалгах;
- аль болох дуу чимээгүй орчинд хүүхдээ аваачих;
- биедээ наан зөөлөн бүүвэйлэх;
- зөөлөн бүүвэйн дуу аялах юм уу, намуухан хөгжим тавих;
- тэргэн дээр нь хэвтүүлэн гадуур алхах;
- хүүхэд тань таны тайван байдлаас хэрхэн тайвшрахыг суралцах хандлагатай байдаг тул өөрөө аажуу гүн амьсгал аван гаргах нь мөн тустай байж болно.
Санамж: Хамгийн чухал зүйл бол та хүүхдээ аюулгүй байлгах бөгөөд, хэрэв нөхцөл байдал таны удирдлагаас гарах шинжтэй санагдвал, тусламж хүсэхээс бүү эргэлзээрэй. Ингэснээр хүүхэд тань тайван нэгний дэргэд аюулгүй байх болно.
Хүүхдийн унтах үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Дараах 6 алхамт зөвлөмжийг хэрэгжүүлснээр хүүхэд тань аюулгүй унтах ба нярайн гэнэтийн нас баралтын эрсдлийг бууруулах боломжтой:
- Хүүхдээ нуруугаар нь гэдрэг харуулан хэвтүүлэх: Хүүхдийн унтах үеийн хамгийн аюулгүй байрлал юм.
- Толгой болон нүүрний орчмыг сэлүүн байлгах: Хүүхдийг унтаж байх үед нь нүүр болон хүзүүний орчимд ямар нэг зүйлс тавихгүй байх, жишээлбэл малгай, хүзүүний зүүлт болон хэлхээтэй зүүлт (үүнд хув зүүлт багтана) зэрэг багтана.
- Хүүхдийнхээ орны аюулгүй байдлыг шалгах:
- Стандартын шаардлага хангасан аюулгүй ор ашиглах хэрэгтэй ба шаардлага хангасан эсэхийг энд дарж үзээрэй.
- Гудас нь оронд нь яг таарсан байх ба гудас нь хатуу, цэвэр, бөгөөд тэгш гадаргуутай байвал зохино.
- Хүүхдийн орон дотор том хөнжил, дэр, тоглоом болон бусад зүйлсийг тавихгүй байхыг анхаарна уу.
- Хүүхдийн унтаж буй хэсгийг аюулгүй байлгахын тулд:
- Гэрт, машин дотор болон хүүхдийн ойр орчимд тамхи татахгүй байх;
- Хүүхдийн орон дотор халуун усны сав, үр тариан халдаг дэр болон цахилгаан хөнжил хэрэглэхгүй байх;
- Хүүхдийн өрөөг халаах зорилгоор халаагуур хэрэглэх шаардлагатай бол хүүхдийн орноос хол зайтай тавих ёстой.
- Хүүхэдтэйгээ ойр унтах: Хүүхэд эхний 6-12 сар хүртэл эцэг эхтэйгээ нэг өрөөнд, тусдаа хүүхдийн орон дээр унтвал зохистой.
- Эхийн хөхний сүүгээр хөхүүлэн хооллох нь хүүхдийн гэнэтийн нас баралтын эрсдлийг бууруулдаг байна.
Image: Safe Sleep for your Baby brochure NSW MOH https://www.health.nsw.gov.au/kidsfamilies/MCFhealth/Pages/safe-sleeping-for-your-baby.aspx
Тусламж, зөвлөгөө авах шугамууд:
1300 227 464
1300 272 736
1800 882 436
Хүүхдээ тухтай унтахад нь зориулсан бүтээгдэхүүн худалдан авахаар зэхэж буй бол аюулгүй унтах зөвлөмжийн шаардлагыг хангаж байгаа эсэх талаар Эх, Хүүхэд болон Гэр Бүлийн Эрүүл Мэндийн Сувилагч эсвэл Өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.




