Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдээ унтлагын горимд сургах нь

0-2 cap
A A A

Өдөр болон шөнийн унтлагын горим

Аливаа нэг горимд дасахад хугацаа шаардлагатай тул хүүхдээ шууд л тодорхой цагаар унтдаг болчихно гэж хүлээх нь бодит байдалд нийцэхгүй. Өдрийн турш хийж буй үйлдлүүдээ хүүхдэдээ ойлгомжтой буюу таамаглаж болохоор байдлаар хийх нь аливаа хуваарь болоод горимыг ойлгож, дадахад нь тус болдог.

Хүүхдээ хооллох, тоглуулах, тэгээд унтуулах гэсэн дарааллаар өдрийн горимыг тогтоох нь танд хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлагыг таньж, ойлгоход хялбар болохоос гадна, хүүхэд тань дараагийн хийгдэх зүйлийг таамаглаж, тохирсон байдлаар хариу үзүүлэх магадлалтай болдог.

Хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр давтагдмал үйлдлүүд нь хүүхдийг тодорхой горимд сургаж байгаа явдал юм. Гэхдээ ямар ч хуваарь болоод горим, нөхцөл байдлаас хамаараад өөрчлөгдөх боломжтой, уян хатан байх ёстойг бүү мартаарай. Жишээлбэл, халуун өдөр, хүүхэд халуунд алдаж байгаа шингэнээ нөхөхийн тулд илүү ихээр хооллох шаардлагатай болж болно.

Дөнгөж төрсөн нярай хүүхэд хооллох болон тоглох зорилгоор нэг цаг орчим сэрүүн байдаг. Үүнээс цаашлаад ирэхээр, хүүхэд тань ядарч эхэлж байгааг түгээмэл ядрах шинжүүд болох огцом хөдөлгөөн хийх болон санаа алдах зэргээс нь гадарлах боломжтой. Эдгээр ядарсан шинжүүд ажиглагдаж эхэлмэгц, хүүхдээ унтуулахаар зэхэх нь зүйтэй.

Өсөж томрохын хэрээр нялх хүүхдүүдийн сэрүүн байж, хооллох болон тоглох цаг аажмаар уртсаж, өдрийн унтлагын цаг нь богиносож байдаг.

Expand all
Collapse all

Хүүхдээ унтлагын горимд сургахын тулд анхаарвал зохих дөрвөн чухал зүйлс

  1. Живх нь хуурай эсэх, солих шаардлагатай эсэхийг шалгаад, хүзүү орчмоор нь гулгисан үлдэгдэл байгаа бол цэвэрлэж өгнө. Орой унтахын өмнө усанд оруулах нь хүүхдийг илүү урт хугацаагаар унтахад дэмтэй байдаг.
  2. Унтахын өмнө хооллох – аль болох хооллож байх дундуураа унтахгүй байхад нь анхаарна. Гэхдээ хүүхэд томорсны дараа, унтахын өмнө хооллох нь таагүй зуршил болж болохыг мөн анхаараарай.
  3. Унтах цаг болохоор хүүхэдтэйгээ хөөрөлдөх, бүүвэйн дуу дуулж өгөх, үлгэр уншиж өгөх болон хүүхдээ эелдэг, зөөлөн үгсээр тайвшруулан, хайр энхрийллээ мэдрүүлэх нь чухал. Өрөөний гэрлийг бүдгэрүүлж, тайвшруулах хөгжим эсвэл white noise буюу шууд хөрвүүлвэл цагаан чимээ сонсгох нь хүүхдийг тайвшруулж, унтуулахад тустай байдаг.
  4. Хүүхэддээ анхаарал хандуулж, зөөлөн товших хөдөлгөөнөөр хүрэх, бүүвэйлэн тайвшруулах нь мөн тустай. Нярайн иллэгийг төрсөн цагаас эхлэн хийж болно. 

Хүүхдийг амраах болон унтуулахад туслах зөвлөмжүүд

  1. Хэрэв хүүхдээ өлгийддөг бол хүүхдээ оронд нь оруулахаас өмнө өлгийднө.
  2. Хүүхдээ өөрийнх нь зориулалтын хүүхдийн оронд тавьж, аюулгүй байдлыг шалгана.
  3. Хэрэв хөнжил хэрэглэж байгаа бол тулмайдаж өгнө.
  4. Хүүхэд тань уйлахгүй байвал орноос нь жаахан холдож, өөрийгөө хэрхэн тайвшруулж байгааг нь ажиглана.
  5. Унтахдаа эвээ олох гэж хүүхэд бага зэрэг хөдлөх болон бага зэрэг дуу авиа гаргах нь хэвийн.
  6. Зөөлөн өнгөөр “Шшшш, зүгээрдээ үр минь, унтах цаг болж байна” гэх зэргээр хүүхдээ сонсож, дэргэд нь байгаагаа бататгана.
  7. Хэрэв хүүхэд тайван биш байвал гэдсэн дээр нь зөөлөн товших эсвэл гар юм уу биеийг нь гараараа зөөлөн илж болно.
  8. Хэрэв хүрэх нь таалагдахгүй байвал орны матрассыг зөөлөн товшиж болно.
  9. Улам уурлавал ор эсвэл биеийг нь зөөлөн бүүвэйлэн хөдөлгөж болно. 
  10. Эдгээр аргуудыг хэрэглээд тайвшрахгүй бол хүүхдээ орноос нь авч, хэсэг аргадан, бүүвэйлж тайвшруулаад буцааж тавина. 
  11. Ингээд орондоо хэдэн минут тайван байдалтай байвал дахин холдож ажиглана.
  12. Шаардлагатай тохиолдолд хүүхдээ орноос нь авч тэврэн, тайвшруулаад, хэдэн минут тайван байсны дараа буцаан оронд нь тавина. Тавимагцаа үргэлжлүүлэн гар юм уу биеийг нь зөөлөн бүүвэйлэн товшиж, дахин тайвшруулна. 

Хүүхдээ тайвшруулах нь

Video by Karitane. https://karitane.com.au/page/other-topics/sleep-and-settling

 

Хүүхдээ унтуулахад зөвлөмж, дэмжлэг хэрэгтэй бол нүүр хуудсанд байршуулсан чухал холбоо барих жагсаалтаас холбоо барих боломжтой үйлчилгээнүүдээс сонгон холбогдож зөвлөгөө авах эсвэл харьяа хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөж болно. 

Сүүлийн шинэчлэлт: 25 Jul, 2024 - 03:58
Дээш буцах