Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхэд маань эхийн сүүндээ цадаж байгаа болов уу?

0-2 cap
A A A

Төрсний дараах хэдэн долоо хоног дахь хүүхдийн жин

Ихэнх нярай хүүхэд төрсний дараа эхний хэд хоногтоо жин буурдаг бөгөөд энэ нь хэвийн юм. Эхийн сүүгээр хооллож байгаа тохиолдолд бага багаар жин нэмсээр төрснөөс хойш 2-3 долоо хоногийн дотор төрсөн жиндээ эргэн очсон ёстой байдаг. Гаднаасаа хүүхдийн арьс сул, үрчгэр биш болж, хүүхдийн царай дүүрэн харагдаж эхэлсэн байх ёстой.

Хэрвээ та хүүхдийнхээ жин нэмэлтэнд санаа зовниж байгаа бол хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөхийг зөвлөж байна.

Хүүхдийн жин нэмэлтийн тал дээр санаа зовоосон асуудал байгаа бол хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Хүүхэд сүүндээ цадаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хүүхдээ хөхүүлж байхдаа хэр хэмжээтэй сүү хөхөж буйг нь тооцоход амар биш байдгаас хүүхдээ цадахгүй байгаа болов уу?, сүү маань хангалтгүй байгаа юм болов уу? гэх зэргээр санаа зовох нь ээжүүдэд түгээмэл тохиолддог. Эхийн сүү хүүхдийн хэр хэмжээгээр, хэр давтамжтай хөхөхөөс шалтгаалдаг. 

Хүүхэд сүүндээ цадаж буйг илтгэх шинжүүд

Expand all
Collapse all

Нойтон живх

Нялх хүүхэд хоногт буюу 24 цагт 6-8 удаа живх солиулдаг. Живх нь хүндэрч, өнгөний хувьд тунгалаг байгаа эсэхийг анзаарна.


 

Баас

Нялх хүүхэд хоногт 1-2 удаа баах эсвэл 1-2 өдрийн дотор баадаг. Баас нь зөөлөн эсвэл шингэвтэр бөгөөд ихэвчлэн шар/ногоовтор эсвэл бор өнгөтэй байна. Хэрэв хүүхдийн тань баас чулуу шиг хатуу, хүүхэд баахдаа зовиуртай байх, эсвэл баасанд нь цус үзэгдвэл  Хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч  эсвэл Өрхийн эмчдээ хандаарай. 

Арьс

Хүүхдийн арьсны өнгө нь эрүүл хэвийн байх ёстой бөгөөд биеийн аль нэг хэсэгт хөнгөн дарахад шууд эргэн хэвийн байдалдаа орж байх ёстой.

Сэрэмжтэй байдал

Сэрүүн үедээ нялх хүүхэд орчин тойрноо анзаарч, эргэн тойрноос гарч буй дуу чимээ болон болж буй үйл явдалд анхаарлаа хандуулж байдаг.

Өсөлт

Хүүхэд тань өндөр, жин болон толгойн тойргийн хувьд хэвийн өсөж байх ёстой.  Хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл Өрхийн эмч-дээ үзүүлэхээр очих бүртээ хүүхдийнхээ хэмжилтүүдийг хийлгүүлж хянуулан хүүхдийн Хувийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлтийн дэвтэрт тэмдэглэгээ хийлгэх нь зүйтэй. 

Хэрэв та хөхний сүүний гарцандаа санаа зовж байгаа бол ямар арга хэмжээ авбал тохиромжтой вэ?

  • Хүүхэд хөхний толгойг зөв үмхэж байгаа эсэхийг шалгах: Хэрэв хөхүүлэхэд өвдөх болон тухгүй байгаа бол хүүхэд тань хөхөө зөв, бүрэн үмхсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Зөв үмхсэн тохиолдолд хүүхдийн соролт сайн байна. 
  • Хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр хооллох: Энэ насанд эрүүл мэндийн мэргэжилтэн өөрөөр зөвлөснөөс бусад тохиолдолд хүүхдэд тань зөвхөн эхийн сүү шаардлагатай. Өөр бусад зүйлс өгсөн тохиолдолд хүүхэд хангалттай өлсөхгүй бөгөөд хөхөө хөхөх сонирхол нь буурах магадлалтай байдаг. 
  • Өөртөө анхаарал тавих: Сэтгэл тавгүй байх нь таны хөхний сүүний гарцанд нөлөөлдөг ба хүүхдээ хөхүүлэх үедээ тайван байх арга замуудыг эрэлхийлэх нь чухал. Шаардлагатай тохиолдолд гэр бүлийнхэн, найз нөхөд, болон мэргэжлийн хүмүүсээс дэмжлэг туслалцаа хүсээрэй.
  • Олон төрлийн эрүүл хоол хүнс хэрэглэх: Дараах зөвлөмжүүдтэй уншиж танилцана уу  

Хөхний сүүний гарцыг нэмэгдүүлэх зөвлөмжүүд

  • Хүүхэд хөхөө зөв амласан буюу бүрэн зөв үмхсэн эсэхийг шалгана.
  • Хүүхдээ өлссөн шинж тэмдэг үзүүлэх бүрт нь хөхүүлэх хэрэгтэй буюу энэ нь ойролцоогоор хоногт 8-12 удаа хөхүүлнэ гэсэн үг.
  • Мөн хүүхдээ шөнийн цагаар хөхүүлэх нь чухал. Учир нь энэ үеэр таны хөхөнд сүү оруулах үүрэг бүхий пролактик даавар өндөр байдаг.
  • Нэг хөхөө бүрэн сулартал хөхүүлсний дараа хүүхэд тань цадаагүй шинжтэй байвал нөгөө хөхөө хөхүүлэх нь зүйтэй. Дараагийн хооллолтон дээр хөхөж байгаад зогссон талаасаа хөхүүлнэ.
  • Хөхүүлэх байрлалаа сольж байх нь чухал.
  • Хүүхдээ унтаж байх үеэр өөрөө мөн аль болох унтаж, амарч байх нь чухал.
  • Ус сайн уух – өдөрт 2-3 литр ус уухыг зориорой.
  • Аль болох олон төрлийн эрүүл хоол хүнс хэрэглэх.
  • Никотины хэрэглээнээс татгалзах (жишээлбэл тамхи болон электрон тамхи)
  • Эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн өөрөөр зөвлөөгүй тохиолдолд, хүүхдээ эхний 6 сард зөвхөн эхийн сүүгээр хооллох нь чухал. Хүүхэддээ эхийн сүүнээс өөр төрлийн шингэн (жишээ нь ус эсвэл нярайн сүүн тэжээл) өгөх нь таны хөхний сүүний гарцыг бууруулах магадлалтай.

Хэрэв та хөхний сүүний гарцандаа санаа зовниж байгаа бол хүүхдийн эрүүл мэндийн сувилагч болон өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Хүүхдийнхээ хооллолтонд аливаа өөрчлөлт оруулахын өмнө, холбогдох мэргэжилтнээс зөвлөгөө, тусламж хүсэх нь чухал. 

Таны хүүхдийн хэмжээ

Заримдаа хүмүүс хүүхэд том байх нь эрүүл байдлыг илтгэнэ гэж итгэдэг ч энэ нь үргэлж зөв байдаггүй. Хүүхдийн эрүүл байдал нь зөвхөн биеийн хэмжээнээс гадна хоол тэжээл, удамшил, ерөнхий энх тунх байдал зэрэг олон зүйлээс хамаардаг.

Хүүхэд бүр өөр бөгөөд, харилцан адилгүй хэмнэлээр өсдөг. Хамгийн чухал зүйл бол таны хүүхэд хүлээлтийн дагуу өсөж, хөгжиж байгаа явдал юм. Хүүхдийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүүхдийнхээ хооллолтыг зөв, эрүүл байлгаж, өрхийн эмчийн үзлэгтээ тогтмол хамрагдаж, зөвлөгөөг нь дагахад анхаарлаа хандуулах нь чухал. Таны хүүхдийн биеийн хэмжээ нь түүний эрүүл байдлыг илэрхийлэх цор ганц хэмжүүр биш гэдгийг санаарай. 

Сүүлийн шинэчлэлт: 28 Apr, 2026 - 06:27
Дээш буцах