Хүүхэд бүхэн өөрийн гэсэн онцлогтой бөгөөд хайр халамж дүүрэн, танин мэдэх орчин бүрдсэн үед хамгийн сайнаараа өсөж, хөгждөг.
Хүүхдийнхээ хувийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлтийн дэвтрээс дараах хяналтын жагсаалтыг харах боломжтой байдаг. Үүнд:
- Шинж тэмдгүүдийг таних;
- Эрт арга хэмжээ авах багтана.
Эдгээр жагсаалтын дагуу шалгаж, бүртгэснээр хүүхдийнхээ хөгжил хэвийн явагдаж буй эсэх талаар товч баримжаа авах боломжтой.
Нярай хүүхдийн хөгжил
Raising Childrens Network-с бэлтгэсэн 0-6 сартай хүүхдийн хөгжлийн тухай дүрс бичлэг: Baby development at 0-6 months | Raising Children Network
Хүүхэд төрсөн цагаас 2 сар хүртэл юу хийж чаддаг болох вэ?
Сонсгол
- гэнэтийн эсвэл чанга дуу чимээг анзаарах (цочих)
- эцэг, эх болон асран хамгаалагчийнхаа дуу хоолойг сонсох болон таних
- танил бус дуу хоолой болон хэл ярианаас илүү ээжийнхээ дуу хоолой болон эх хэлээр ярих яриаг илүүд үзэх
- чимээ гарч буй чиглэлд нүд болон толгойгоо эргүүлэн харах зэргийг чаддаг болно.
Хараа
- нүднийх нь ойр гэрэл гялалзахад нүдээ цавчих
- хоёр сартай орчимд таны царайны хувирлыг тухайлбал, инээмсэглэлийг тань таньж, хариу үзүүлэх
- эд юмс эсвэл таны нүүрийг дагуулж харах
- цонхоор орж ирэх гэрэл рүү харах
- тодорхой өнгүүдийг илүүд үзэх (гэхдээ нярай хүүхэд 4 сар хүртэл өнгөнүүдийг нарийн ялгаж чаддаггүй)
- төрсөн цагаасаа эхлэн 18-20 см зайд байх зүйлсийг харж чаддаг байна.
Амтлах болон үнэрлэх
- өөр өөр амтыг ялгах
- үнэрний ялгааг мэдрэх
- эхийнхээ сүүний үнэрийг таньдаг болсон байдаг.
Хүрэхүй болон мэдрэхүй
- биед нь хүрэх болон өвдөлт мэдрэгдэхэд хариу үзүүлэх
- алган дээр нь тавьсан эд юмсын дүрсийг тодорхойлох
- хацрыг нь үрэх болон хүрэхэд толгойгоо эргүүлэх (үүнийг хөхөх рефлекс гэнэ) зэрэг үйлдэл үзүүлдэг.
Биеийн хөгжил
- гэдсээр нь түрүүлгээ харуулан тавихад толгойгоо өргөж, мөн гараараа тулан цээжээ өргөж эхлэх
- хөл болон гарын хөдөлгөөн илүү эвлэг болж эхлэх
- хүний хурууг автоматаар барих
- сэрүүн үедээ хажуу тийш харсан байрлалаас дээш эргэн харах
- суган доогуур нь барин зогсооход алхаж буй мэт хоёр хөлөө солбин өргөх
- хуруу хөхөх, эсвэл хооллохын тулд хөхөх зэрэг үйлдлүүдийг хийж чаддаг болсон байдаг.
Хэл яриа/харилцаа
- ганганах болон төрөл бүрийн дуу авиа гаргах
- дуу чимээ гарч буй чигт толгойгоо эргүүлэх
- өлссөн, цадсан, болон ядарсан шинж тэмдгүүд үзүүлэх зэргээр харилцах ур чадваруудыг эзэмшиж эхэлсэн байдаг.
Нийгэм, сэтгэл зүйн хөгжил
- хүмүүс рүү инээмсэглэж эхлэх
- өөрийгөө түр саатуулах, тайвшруулах (гараа амандаа хийх болон хөхөх зэргээр)
- эцэг, эхээ олж харахыг оролдох
- царайны хувирал болон дууны өнгийг таньж эхэлнэ.
Танин мэдэхүй (сэтгэн бодох болон асуудал шийдвэрлэх)
- хүний царай руу анхаарал хандуулах
- хөдөлж буй зүйлсийг дагуулан харах болон зайнаас хүмүүсийг таних
- хэрвээ үйл явдал өрнөлгүй, нэгэн хэвийн байвал уйдсанаа (уйлах болон уцаарлах байдлаар) илэрхийлдэг болно.
Хүүхдээ сэрүүн үед нь аль болох төрөл бүрийн зүйлийг турших боломжийг, анхаарал халамжийн хамтаар олгож, сурч хөгжихөд нь дэм болоорой.
Дөнгөж төрсөн нярай хүүхдүүд унтлага хооронд 1-1.5 цаг сэрүүн байдаг. Уг сэрүүн байх хугацаанд хүүхдэдээ аль болох сайн анхаарал хандуулж, танин мэдэх хүсэл, сонирхлыг нь дагаснаар хөгжилд нь түлхэц үзүүлэх боломжтой байдаг.
Хэрэв танд хүүхдийнхээ хөгжилтэй холбоотой санаа зовоосон зүйл байгаа бол Хүүхдийн Хөгжлийн Асуудлууд хэмээх дараах дүрс бичлэгээс ямар тохиолдолд мэргэжлийн тусламж хүсэх шаардлагатайг олж мэдэх боломжтой.
Raising Childrens Network-с бэлтгэсэн видео: https://raisingchildren.net.au/babies/videos/baby-development-issues




