6 сартайд ямар хүлээлттэй байх тухай
6 сартай хүүхдийн хөдөлгөөн улам нэмэгдэж, идэвхтэй тоглох нь ихсэж байгаа хэдий ч таны дэргэд, ойр байх хэрэгцээ байсаар байгаа. Хүүхдэдээ аюулгүй тоглоом болон тоглох орчин бүрдүүлж, өсөлт хөгжлийг нь дэмжиж өгөөрэй.
Хүүхэд бүхэн харилцан адилгүй бөгөөд өөр, өөр цаг хугацаанд тодорхой хөгжлийн түвшинд хүрдэг. Хүүхдийнхээ хөгжилтэй холбоотой санаа зовох асуудал байгаа бол Хүүхэд ба Гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөх нь чухал. Тэд ямар арга хэмжээ авах талаар, цаашид яах талаар чиглэл зөвлөмжийг танд өгөх болно.
Хүүхэд 6 сартай орчимд юу сурч байдаг вэ?:
Нийгмийн болон сэтгэл зүйн хөгжлийн хувьд
- Танил хүмүүсийнхээ царайг хараад таних бөгөөд танихгүй хүнийг ялгаж эхэлдэг.
- Бусадтай тоглох, ялангуяа ээж, аавтайгаа тоглох илүү дуртай байдаг.
- Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлд хариу үзүүлнэ.
- Өөрийгөө толинд харах дуртай болсон байдаг.
Хэл яриа болон харилцааны хөгжил
- Ярьж байгаа мэт “аа”, “ээ”, “өө” гэх мэтчилэн дуу чимээ гаргана.
- Эдгээр дуу чимээг гаргахдаа тантай ээлжлэн харилцан ярилцаж буй мэт байх дуртай.
- Нэрийг нь дуудахад хариу үзүүлнэ.
- Баяр хөөртэй эсвэл гунигтай байгаа зэргээ илэрхийлэхэд дуу авиа гаргана.
Танин мэдэхүй (сурах, бодох, болон асуудал шийдвэрлэх)
- Эргэн тойрондоо байгаа зүйлсийг ажиглана.
- Амандаа юм хийж сурсан байна.
- Тодорхой зүйлст сонирхолтой байгаагаа илэрхийлнэ.
- Нэг гараасаа нөгөө гартаа эд зүйлсийг шилжүүлж чаддаг болсон байдаг.
Хөдөлгөөн/Биеийн хөгжил
- Хоёр тийш эргэж хөрвөөх (дээш харсан байрлалаас доош харах, доошоо харсан байрлалаас дээш эргэн хөрвөөх)
- Дэмжлэг, түшлэггүйгээр ганцаараа суух
- Зогсоо байрлалд барихад цогих
- Мөлхөө байрлалд хөл гараа урагш хойш хөдөлгөх, заримдаа урагш мөлхөж эхлэхээс өмнө хойшоо мөлхөх хөдөлгөөн хийдэг.
Дараах зүйлсийг хийх дуртай болсон байх магадлалтай
- Асран хамгаалагчийн хараа хяналт дор гүехэн усан сан эсвэл банн дотроо усаар тоглох
- Тууз эсвэл алчуурыг намируулж тоглох
- Хөдөлж буй зүйлсийг дагуулан ажиглаж харах, жишээ нь хөвж буй хөөсийг харах эсвэл салхинд найгаж буй модны мөчрийг шохоорхон ажиглах г.м
- Хөгжим сонсож, дуулж, мөн гадаа шувуудын жиргээн, онгоцны чимээ эсвэл борооны чимээг чагнах зэргийг сонирхох хандлагатай болсон байдаг.
Аюулгүйн зөвлөмж
- Бүүвэйлэгч, хоолны ширээ, хүүхдийн тэрэг зэрэгт суулгахдаа зохих аюулгүйн бэхэлгээг тогтмол шалгаж байх нь чухал.
- Хүүхдийн тоглох орчинд амандаа хийхээр жижиг эд зүйл байлгахгүй, аюулгүй цэвэр байлгахад анхаарах нь чухал.
- Хүүхдийн дэлгэц үзэх цагийг хязгаарлах буюу аль болох дэлгэцээс ангид байлгах нь чухал.
Хүүхэд тань таны дуу хоолойны өнгө, аясад анхаарал хандуулж, ач холбогдол өгдөг тул хүүхэдтэйгээ ярихдаа дууны өнгө, сэтгэл хөдлөл зэрэгтээ анхаарал хандуулж байгаарай.
Хүн бүхэнд хааяа уурлаж бухимдах болон гуниглах үе тохиодог. Заримдаа та хүүхдэдээ эдгээрийг илэрхийлмээр болох үе тохиож болно. Хэрэв ийм байдал давтагдах нь ихсэх эсвэл хүмүүс өөрөөс тань сэтгэл санаа тань хэр байгааг асуух нь ихэсвэл уг нөхцөл байдлаа засан сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай болсныг илтгэж байж болно. Тусламж ойрхон байгаа – та болон таны хүүхдийн эрүүл, энх тунх байдал хамгаас чухал. Энэ талаар “Өөртөө анхаарал хандуулах нь" хэсгээс дэлгэрүүлэн уншаарай.


