Бор хоолонд хэрхэн оруулах талаар зөвлөмжүүд
Хүүхдээ бор хоолонд оруулах үе бол тун сэтгэл хөдөлгөм мөч юм. Хүүхэд бүхэн харилцан адилгүй тул та хүүхдийнхээ хоолны сонирхол болоод шинж тэмдгүүдийг анзаарч, тэдгээрт нь тааруулан хариу үзүүлснээр, хооллоход суралцахад нь дэмжлэг үзүүлэх боломжтой.
Энэ үе шатанд эхийн сүү нь шим тэжээлийн гол эх үүсвэр хэвээр байна. Бор хоол буюу бүхэл хоол нь эхийн сүү эсвэл сүүн тэжээлийг орлохгүй гэдгийг анхаарна уу.
Хүүхэд хооллоход суралцах болон хооллох цагийг хамтдаа баясалтай өнгөрөөхөд туслах зарим зөвлөмжүүдээс:
- Хооллох цагийг сонгохдоо хүүхдээ бүрэн сэрүүн, тайван бөгөөд хэт өлсөж, ядраагүй үеийг сонгох нь зохимжтой. Энэ үе нь ихэвчлэн сүүгээр хооллосны дараах үе байна.
- Маш бага хэмжээгээр хооллож эхэлнэ. Эхэн үедээ хүүхэд ердөө 1-2 цайны халбага эсвэл түүнээс ч бага хэмжээгээр хооллож болно.
- Хүүхдийн хооллох хэмжээ арай нэмэгдэж эхлэхэд (нэг удаадаа 2-3 цайны халбага) хооллох давтамжийг нэмэгдүүлнэ.
- Хэр хэмжээтэй хооллохыг хүүхдээр өөрөөр нь шийдүүлээрэй. Таны зүгээс хүүхдийнхээ цадсан эсэх шинж тэмдгүүд (цадсан үедээ толгойгоо цааш эргүүлэх эсвэл амаа жимийх г.м) ажиглах нь гол юм.
Хүүхдийн хэрэгцээгээр хооллох тухай
Хүүхдийнхээ хэрэгцээгээр буюу хүүхдийн аясаар хооллох гэдэг нь хүүхдийнхээ өлсөх болон цадах (бие/сэтгэл цадах) шинж тэмдгүүдийг ажиглаж, түүнд тохируулан хооллохыг хэлэх бөгөөд энэ нь хооллолтын нэн чухал хэсэг юм.
Хүүхэд тань цатгалан байгааг илэрхийлэх шинж тэмдгүүд
- Толгойгоо эргүүлж, өөр тийш харах
- Хоолоо амнаасаа түлхэж гаргах
- Хоол өгөхөөр оролдоход амаа жимийх
- Толгой сэгсрэх (үгүй гэж илэрхийлэх)
- Хоолоо идэх нь удаашрах зэрэг багтана.
Хүүхэд тань өлссөнийг илэрхийлэх шинж тэмдгүүд
- Таныг хоол бариад явж буйг хараад хөөрч, дуу чимээ гаргах
- Гараа амандаа хийх
- Таныг хоол барьж байгааг хараад тан руу налах эсвэл танаас зуурах
- Хоол өгөхөд амаа ангайх зэрэг багтана.
Хоолны тухай таны итгэл үнэмшил
- Та бол хүүхдийнхээ хооллолтын үлгэр жишээ авах хүн – хүүхэдтэйгээ хамт эрүүл хоол хүнс идэх нь тэдэнд эрүүл хооллолтын зааж сургах хамгийн гол зам болдог.
- Хооллолтын цагийг хамтдаа зугаатай, баяр жаргалтай өнгөрүүлж байгаарай. Хүүхэд тань таныг харж, суралцдаг.
- Таны хоолтой харилцах харилцаа мөн хүүхдийн тань хоолтой харилцах харилцаанд нөлөөлдөг байна.
- Хамгийн гол нь тэвчээртэй байж, хүүхдийнхээ хэрэгцээнд тааруулан хооллож, мөн тэдэнд эрүүл хоол хүнс хэрхэн хэрэглэж буйгаа харуулан үлгэрлэх явдал юм.
- Хэрэв танд хүүхдийнхээ хооллолттой холбоотой санаа зовнисон асуудал байгаа бол Өрхийн эмч болон Хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөх нь зүйтэй.
Хоол хүнсээр дамжуулан суралцах тухай:
Хүүхдүүд зажлах, залгих, өөр өөр амтанд дасах болон гэр бүлээрээ хооллох зэрэгт суралцдаг.
- Хүүхдээ өөрөө өөрийгөө хооллож сурахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд хоолоо гараараа барьж идэх болон хуванцар эсвэл резин/силикон халбагаар өөрөө амруугаа хоолоо хийн, идэх нөхцлийг бүрдүүлэх болон эдгээр оролдлогуудыг нь хөхүүлэн дэмжиж өгөх нь зүйтэй.
- Хүүхэд шинэ төрлийн хоол хүнсийг идэж сурах болон амтанд нь дасахад 10-15 удаагийн оролдлого шаардлагдаж болно.
- Хооллох үеэр эргэн тойрон бохиртож, заваарна гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир нь хүүхэд ийм л замаар хоолтой танилцаж, хооллоход суралцахаас гадна хоолноос таашаал авахад суралцдаг.
Аяганаас хооллоход суралцах
Хүүхдийг 6 сартай үеэс угжны оронд задгай амсартай аяганаас ус өгч эхэлж болно.
Хүүхдэд чихрийн агууламжтай ундаа, хийжүүлсэн ундаа, жимсний шүүс болон бүх төрлийн чихрийн агууламжтай уух зүйлс өгөхгүй байхад анхаарна уу. Эдгээр нь хүүхдийн шүд хорхойтох болон цоорох эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна хүүхдэд цадсан мэдрэмж төрүүлж, илүү эрүүл хоол хүнс идэх хүслийг бууруулдаг.
Хүүхдийн хэрэгцээг хангах уух зүйлсэд зөвхөн ус болон эхийн сүү эсвэл нярайн сүүн тэжээл багтана.
Аюулгүй байдал
- Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах болон хахах эрдлээс сэргийлэхийн тулд хооллох үеэр үргэлж хүүхдийнхээ дэргэд ойр байх;
- Хоолны ширээн дээр суулгахдаа аюулгүйн бэхэлгээ буюу бүсийг заавал бэхлэхийг анхаарна уу.
Хориотой хоол хүнс
- 12 сар хүрэхээс өмнө зөгийн бал эсвэл түүхий өндөг болон түүхий өндөг найрлаганд нь орсон бүтээгдэхүүн, жишээлбэл гар аргаар хийсэн майонез;
- 3 нас хүртэл хатуу хүнсний төрлүүд болох бүхэл самар, хатуу алим зэрэг нь хахах эрсдэл үүсгэдэг тул өгөхгүй байхыг анхаарна уу.




