Шууд шилжих:
Гулгилт (reflux) гэж юу вэ? Хэрхэн намжаах вэ?
Ходоод-улаан хоолойн сөргөө буюу Gastro-oesophageal reflux (GOR) гэдэг нь хоол ходоодноос хүүхдийн ам эсвэл хоолой руу буцаж гарахыг хэлнэ. Энэ нь нярай хүүхдүүдэд маш түгээмэл тохиолддог, учир нь ходоодны дээд хэсгийн хавхлага (булчин) бүрэн хөгжөөгүй байдаг тул сүү амархан буцаж гарах магадлалтай. Үүнийг гулгих гэж нэрлэдэг.
Бага хэмжээний сүү амаар нь буцаж гарах эсвэл бага зэрэг бөөлжих зэргээр илэрнэ. Энэ нь ихэвчлэн хооллосны дараа эсвэл хүүхдийн байрлалыг өөрчлөх үед тохиолддог бөгөөд ерөнхийдөө 6–12 сартайд аяндаа дээрддэг.
Ямар үед гулгилт дорддог вэ?
- Хүүхэд хэт их сүү уух (хэт их хооллох)
- Хөхний сүү ихээр садарч гарах
- Угжихдаа хэт хурдан хооллох
- Хооллосны дараа хүүхдийг шууд хэвтүүлэх
Гулгилт нь хүүхдийг тавгүйтүүлэх магадлалтай. Хэрэв таны хүүхэд ерөнхийдөө тайван, жин нэмэж байгаа бөгөөд доорх энгийн аргуудаар тайвширч байвал санаа зовох шаардлагагүй.
Бага насны хүүхдүүд заримдаа өдөрт удаан хугацаагаар, бүр 5 цаг хүртэл уйлж болно. Энэ нь ч хэвийн байж болно.
Их гулгимтгай болон их уйлдаг хүүхдийг асрах нь амаргүй байж болно. Өөртөө анхаарал тавьж, тусламж дэмжлэг хүсээрэй. Хүүхдээ оронд нь аюулгүй тавиад богино хугацаанд завсарлага авах нь зүгээр. Гүнзгий амьсгал аван тайвширч, эсвэл хэн нэгэнтэй холбогдон дэмжлэг авах нь тустай.
Хүүхэд яагаад уйлдаг болон хэрхэн тайвшруулах талаар илүү ихийг эндээс мэдэж болно:
Гулгилтыг намжаах аргууд
- Хүүхэд гулгимтгай байсан ч аюулгүй унтах орчныг үргэлж бүрдүүлэх нь чухал. Үүнд хүүхдийг нуруугаар нь, хатуу тэгш матрас дээр унтуулах багтана. Аюулгүй унтах талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу
- Удаан, тайван хооллоорой. Угжаар хооллоход 20–30 минут, хөхүүлэхэд дунджаар 40 минут хүртэл үргэлжилж болно. Хүүхэд хэзээ өлсөж, цадсаныг ойлгохын тулд үзүүлж буй дохио, шинж тэмдгүүдийг нь ажиглах.
- Хооллосны дараа хүүхдээ 15–20 минут босоо байрлалд барьж, хэхрүүлэхэд нь туслах.
- Орчныг тайван байлгаж, хооллолт болон нойртой холбоотой хүүхдийнхээ дохио, шинж тэмдгүүдийг дагах.
- Хооллох болон унтах үед бага зэрэг тавгүйтэх нь хэвийн.
- Өдөр бүр харилцан адилгүй, хэцүүтэй, сайхантай хосолж байдаг.
- Өөртөө анхаарал тавьж, хэрэгтэй үед тусламж хүсэхээ бүү мартаарай.
- Асуудал үргэлжилбэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Эмчийн зааваргүйгээр хүүхдэд дур мэдэн эм өгч болохгүй.
- Хэрэв гулгилтын талаар санаа зовж байвал өрхийн эмч, эх, хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтай холбогдох эсвэл Tresillian эцэг эхэд зөвлөх шугам 1300 272 736 руу залгаж зөвлөгөө аваарай.
Ямар үед сөргөө нь ноцтой болдог вэ?
Зарим тохиолдолд гулгилт нь илүү ноцтой байх ба GORD (gastro-oesophageal reflux disease) буюу Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин байх магадлалтай. Үүний шинж тэмдгүүдэд:
- жин нэмэхгүй байх эсвэл жин хасах
- дээрх аргуудыг туршсан ч хооллох үед эсвэл дараа нь маш их тавгүйтэх, уйлах
- их уйлах, цочромтгой байх эсвэл нуруугаа хотойлгох
- байнга бөөлжих
- хооллох үед хахах, ханиалгах эсвэл амьсгал давчдах
- хооллохоос татгалзах багтана.
Хэрэв таны хүүхэд эдгээр шинж тэмдгийг үзүүлж байвал өрхийн эмчид хандаарай. Хэрэв бөөлжис нь цустай эсвэл шар, ногоон өнгөтэй байвал яаралтай эмнэлэгт очоорой.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.
Kids Health Information : Reflux (GOR) and GORD (rch.org.au)
Breastfeeding and reflux | Australian Breastfeeding Association




