Нярай хүүхдээ асрах нь
Эцэг, эх болох хүүхдээ өсгөх нь маш олон өөрчлөлтийг авч ирдэг. Эхний хэдэн долоо хоногт:
- олон янзын, шинэ мэдлэг, ур чадварт суралцах
- хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх гээд олон өөрчлөлтүүд тохиодог.
Хүүхэдтэй болно гэдэг нь багагүй сорилт бөгөөд энэ нь:
- таны нойр
- зан ааш
- харилцаа
- амьдралын хэв маяг
- хувь хүн, таны онцлог байдалд нөлөөлж болно.
Таны хийж болох зүйлс
Гэр бүлийн хүн/хамтрагчтайгаа үүргээ хуваалцах
Нөхөр/хамтрагчтайгаа эе эвтэй, харилцаа сайтай байх нь шинэхэн эцэг эхийн үүрэгтээ амжилттай дасан зохицох хамгийн чухал түлхүүр юм. Хүүхдээ өсгөхөд эцэг, эх өөр өөрсдийн гэсэн өвөрмөц арга барилаар хандаж болох бөгөөд энэ үед аль болох нэг нэгнээ ойлгон дэмжихийг хичээх нь чухал. Учир нь та хоёр, хоёулаа шинэ үүрэгт суралцаж байгаа шүү дээ.
Хосоороо хоёулхнаа байх тогтмол цаг гаргахыг эрмэлзэх нь зүйтэй. Ингэснээр дотно холбоогоо хадгалж чадах боломжтой. Нялх хүүхэдтэй үед нэг, нэгэндээ цаг гаргана гэдэг бүтэхгүй мэт санагдаж болох хэдий ч энэ нь өдөрт ердөө 15-хан минутын аминчхан яриа ч байж болно.
Бид Юу Бодож Байсан Бэ? буюу The What Were We Thinking? эцэг эхчүүдэд зориулсан хөтөлбөрөөс хоорондоо хэрхэн яриа эхлүүлэх талаар About Mums and Dads Worksheets хүснэгтээс мэдээлэл авах боломжтой .
Зохион байгуулалттай ч мөн уян хатан байх
Өөрийн хийж чадах зүйлсээ төлөвлөн дэс дараанд оруулах нь тустай хэдий ч төлөвлөгөө тань бодит байдалтай нийцсэн байх нь чухал. Та бүх зүйлийг амжуулна гэвэл хэцүү шүү дээ. Заримдаа хүүхэд өвдөж болно, эсвэл яг гэрээс гарах болоход живхийг нь солих хэрэгтэй ч болж болно. Юу ч тохиолдож болно. Тиймээс та өөртөө болон гэр бүлийнхэндээ зөөлөн хандаарай.
Зарим соёлд төрсөн эмэгтэй гэрээс аль болох гарахгүй байхыг зөвлөдөг. Энэ тохиолдолд, эхний хэдэн сард бусдаас тусламж, дэмжлэг авах боломж байгаа бол авах нь тустай. Үүнд гэр бүлийнхэн, найзууд, хөршүүд, ээжүүдийн бүлгэмүүд, соёлын бүлгэмүүд багтахаас гадна алс хол байгаа гэр бүлийнхэнтэйгээ тогтмол холбогдон ярих зэргээр бусдаас дэм авч болно. Нөхөр/хамтрагч болон гэр бүлийнхээсээ дэлгүүрээс худалдан авалт хийх, хоол хүнс бэлтгэх, гэр орон цэвэрлэх болон угаалга хийх зэрэгт тусламж хүсч болно.
Бусдын тусламжийг хүлээн авах
Хоол хүнс, гэр орны ажил, дэлгүүрээс худалдан авалт хийх, эсвэл түр амсхийх, усанд орох цаг гаргах зэрэг олон зүйлст бусдын санал болгосон тусыг авахад гэмгүй. Мөн та өөрөө ч бусдаас тусламж хүсч болно.
Бусад эцэг, эхчүүдтэй танилцаж, нөхөрлөх
Бусад эцэг, эхчүүдтэй танилцаж, нөхөрлөх нь олон талын ач холбогдолтой. Та тэдэнтэй ярилцаж, инээлдэж, юм үзэж, мөн хүүхдээ хэрхэн өсгөх, эцэг эх байхад хэрхэн суралцаж байгаа туршлагаа солилцон, бие биесээсээ суралцах боломжтой.
Ганцаардах нь танд болоод таны хүүхдэд таагүй нөлөөтэй байдаг.
The Raising Children Network-с насанд хүрэгчдэд зориулсан эцэг, эх байхад хэрхэн суралцах талаар өндөр ач холбогдол бүхий дүрс бичлэгүүдийг сонгон хүргэснийг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://raisingchildren.net.au/grown-ups/videos
Сүүлийн 40 жилийн хугацаанд эцгийн үүрэг маш ихээр өөрчлөгдсөн ба бусад аавуудаас дэмжлэг хүсэх нь аавуудын хувьд тустай байдаг.
Сайн Аавууд буюу The Better Dads вэбсайтнаас хэрэгтэй мэдээлэл олох боломжтой. http://betterdads.com/
Тусламж хүсэх
Олон хүүхэд төрүүлэх, хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байх эсвэл танд өөрт тань эрүүл мэндийн асуудлууд байх нь бас нэмэлт ачаалал үүсгэх шалтгаан болж болно.
Эдгээр нөхцөлд зориулсан тусгай үйлчилгээнүүд байдаг бөгөөд тэдгээрээс аль болох ашиглахыг зөвлөж байна. Хамгийн чухал зүйл бол таны болоод таны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд ба энх тунх байдал юм.
Нүүр хуудас дахь чухал холбоо барих жагсаалтаас авч болох дэмжлэг, нэмэлт тусламж, үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг харна уу.
Боломжтой үедээ унтаж, амрах
Хүүхдээ унтсан үед нь аль болох дагаж унтахыг хичээгээрэй.
Хүүхдээ асрах үүргийг хуваалцах нь
Эцэг, эх болох нь гэр бүлд баяр хөөр бэлэглэхийн зэрэгцээ та болон таны нөхөр/хамтрагчид бие махбодь болон сэтгэл зүйн хувьд амаргүй сорилт болж болно.
Таны нөхөр/хамтрагч болон гэр бүлийн бусад гишүүд хүүхэд асрах, өсгөх үүргийг дараах байдлаар хуваалцаж болно. Үүнд:
- эхэд бага ч болов амралт өгч, хүүхэд авах
- хүүхдийг аав нь нүцгэн цээжин дээрээ, арьс арьсаар хүрэлцсэн байдлаар тэврэх
- хүүхдээ усанд оруулах болон иллэг хийх
- хүүхдээ хуурайлах
- хүүхдээ эрхлүүлэх болон тайвшруулж унтуулах
- хүүхдээ түрүүлгэ нь харуулан тоглуулах
- хүүхдэд дуу дуулж өгөх, ном унших болон хүүхэдтэй ярилцах зэргээр оролцож болно.
Эдгээр нь мөн эцэг, хүүхдийн харилцаа холбоог сайжруулахаас гадна хүүхдийг гэр бүлийн бусад гишүүдтэй ээнэгшин дасахад тустай байдаг. Эдгээр үйлдлийг хүн тус бүр харилцан адилгүй хийж болох бөгөөд тэдгээр ялгаатай байдал нь хүүхдийн тархины хөгжилд эерэг нөлөө үзүүлэх боломжтой байдаг.




