Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдээ тайвшруулж, унтуулах нь (4-6 cap)

4-6 cap
A A A

Хүүхдийг нойрны зөв хэвшилд сургах тухай

Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхэд бүр өөрийн хэрэгцээндээ тохируулан, харилцан адилгүй нойрсдог гэдгийг ойлгох нь чухал. Таны хүүхдийн унтлагын хуваарь тэдний өсөлт хөгжил, хувь хүний зан байдал, унтлагын орчин, тантай хэр зэрэг ээнэгшсэн болоод биеийн эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйлээс хамааран хэлбэлзэж байж болно.

4-6 сартай орчимд хүүхдийн өсөлт хөгжлийн дараагийн шинэ үе шат явагдаж байдаг тул ихэнх нялх хүүхэд энэ үеэр илүү уцаартай болох, уйлах, болон сэрвэлзэх нь нэмэгддэг. Мөн шөнийн цагаар хүүхэд тань сүүгээ хөхөхөөр сэрэх нь хэвийн үзэгдэл юм.

Дараах зүйлсийг хийн, хүүхдээ тайван унтахад нь дэмжлэг үзүүлж болно. Үүнд:

  • Хүүхдийн нас болон хэрэгцээнд тохирсон халамж, анхаарлыг үзүүлэх ба таны хэрэгцээ гарах бүрт ээж нь/аав нь дэргэд нь байгаа шүү гэдгээ мэдрүүлэх нь чухал.
  • Мөн аль болох тогтмол унтлагын горимтой байхад анхаарах нь тустай. 

Хүүхэд дараах нөхцөлд илүү сайн унтаж амардаг:

  • Өдрийн болон оройн унтлагын тогтсон хуваарьтай байх;
  • Ядарсан шинж тэмдэг үзүүлэх үед нь оронд нь оруулах;
  • Өрөөг нь аль болох харанхуй байлгах;
  • Өдөр тутамдаа тодорхой хэмжээнд нарны гэрэлд гаргах болон насанд нь тохирсон хөдөлгөөн хийлгэх;
  • Унтлагын цагаас өмнө хэт тод гэрэл болон дэлгэц үзүүлэхгүй байх;
  • Ор нь аюулгүй бөгөөд таны унтдаг өрөөнд байрласан байхыг анхаарна уу. Хүүхдийн унтах ор нь аюулгүй хүүхдэд зориулсан ор болон зөөврийн жижиг ор байна;
  • Унтахын өмнө хүүхэд цатгалан, цэвэрхэн бөгөөд тайван болсон байхад анхаарна (унтуулахын тулд хооллохгүй байхыг хичээнэ үү). 

Аюулгүйн зөвлөмж

  • 6-12 сар хүртэл хүүхдийн ор нь эцэг, эхийн унтлагын өрөөнд, аюулгүй байрласан байх ёстой.
  • Хөнжил болон даавуу хэрэглэхийн оронд зориулалтын унтлагын уут эсвэл зурагт үзүүлсэнчлэн, хүүхдэд таарсан, толгой хүзүү болон гар гарах нүхтэй, малгайгүй унтлагын хувцас өмсүүлэн унтуулах нь илүү аюулгүй байдаг.

Нойртой холбоотой зүйлс 

Нойртой холбоотой зүйлс гэдэг нь хүүхдээ унтуулахад тань туслах хэрэгсэл болон хийх зүйлсийн нэгдэл юм. Үүнд:

  • Хүүхдээ өлгийдөх,
  • Хөгжим тавих,
  • Соск буюу угж хөхүүлэх,
  • Хүүхдээ тэврэн бүүвэйлэх эсвэл орон дотор нь бүүвэйлэх,
  • Хүүхдээ зөөлөн товшин унтуулах зэрэг зүйлс багтаж болно.

Хүүхэд бага сартайд нойртой холбоотой зүйлс нь тийм ч нарийн төвөгтэй байдаггүй. Харин хүүхэд өсөж томрохын хэрээр, хүүхдийн аюулгүй байдал болоод хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зарим зүйлсийг хэрэглэхээ болих болон өөрчлөх хэрэгцээ шаардлагууд үүснэ. 

Хүүхэд тань өнхөрч, хөрвөөж эхлэх үеэс хүүхдээ өлгийдөхөө зогсоох нь чухал. Өлгийдүүлэхгүйгээр унтаж сурахын тулд эхэн үедээ тодорхой хугацаа орж болно.

Энэ үед таны авч болох арга хэмжээнүүд

  • Өлгийдөхөө бүр мөсөн болихын өмнө хэсэг хугацаанд өлгийг нь хэдэн өдөр аажим, аажмаар суллан унтуулна.
  • Цаашлаад зөвхөн бүсэлхийгээр нь өлгийдөж, гарыг нь эл гарган унтуулж дасгана.
  • Ингээд бүр мөсөн өлгийдөхийг зогсооно.
  • Оронд нь хүүхдэд аюулгүй унтлагын хөнжил хэрэглэж болно. 

Эдгээр өөрчлөлтөнд дасахын тулд хүүхдэд хэдэн өдрөөс хэдэн долоо хоног шаардлагатай болж болно. Хүүхдийнхээ үзүүлж буй шинж тэмдгүүдийг анхаарч, тохирсон хариуг хайрлаж энэрсэн байдлаар үзүүлэх нь чухал. 

Унтуулахын тулд хооллох нь хүүхдийн нойрны хэвшилд нөлөөлдөг өөр нэгэн хүчин зүйл юм. Нялх хүүхэд заримдаа өлсөөгүй хэдий ч өөр шалтгаанаар (жишээ нь халууцах, тухгүй байдал, бие нь өвдөх, живх солиулах хэрэгцээ, эсвэл зүгээр ядарсан) сэрж болно. Тиймээс хүүхдийнхээ ямар шалтгаанаар сэрж байгааг ажиглах түрхэн зуурын хугацаа гаргаад, тохирсон хариу арга хэмжээ авах нь хүүхдийн нойрны чанар болоод нойрсох хугацаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

Хүүхдээ тайвшруулан, унтуулах талаар нэмэлт зөвлөмж хэрэгтэй бол Хүүхдээ тайвшруулж унтуулах (0-2 сартай) нийтлэлийг уншихыг зөвлөж байна. Мөн Karitane-с бэлтгэн гаргасан нярай, нялх хүүхдийн нойртой холбоотой дүрс бичлэг болон эмхэтгэлүүдийг дараах вэбсайтаас авах боломжтой. https://karitane.com.au/parents-resources 

 

Сүүлийн шинэчлэлт: 14 Aug, 2025 - 06:11
Дээш буцах