Skip to main content
Бүх цэсийг харах

Хөхний сүүгээ саах болон хадгалах

0-2 cap
A A A

Шууд шилжих:

    Заримдаа хүүхдээ хөхүүлэх боломжгүй үеүд тохиож болох бөгөөд энэ үед сүүгээ саан, саасан сүүгээ аягаар юм уу угжаар өгөх шаардлага гарч болно.

    Хөхний сүүгээ гараараа эсвэл гар саалтуур болон цахилгаан саалтуур ашиглан сааж болно. Хэрхэн саах нь таны хувийн сонголт юм. Хамгийн чухал нь ариун цэврийг сахих бөгөөд хөхөө сааж эхлэхээс өмнө гараа сайтар ариутгасан байх ба сүүгээ саах ариутгасан саваа бэлтгэсэн байна. 

    Хөхний сүүгээ гараар хэрхэн саах тухай

    1. Гараа савантай бүлээн усаар угаана.
    2. Гараа цэвэр алчуур, цаасан алчуур эсвэл хатаагчаар хатаана.
    3. Хөхнийхөө гадна захаас эхлэн хөхний толгой чиглэлд зөөлөн иллэг хийнэ. Ингэхдээ хөхөө бүхэлд нь тойруулан илэх ба хөхний доод хэсгийг ч хамруулан бүхэлд нь иллэг хийнэ.
    4. Ариутгасан хуванцар савыг хөхнийхөө доор барин, сүүгээ саана. Ингэх нь хэтэрхий ярвигтай байвал саваа өвөр дээрээ юм уу ширээн дээр тавьж болно. Сүү асгарвал, арчихад бэлэн алчуур бэлтгэсэн байвал зохино.
    5. Хөхний нөсөөт хэсгийн захаас эрхий хуруу болон долоовор хуруугаа байрлуулна.
    6. Ингээд хуруугаараа хөхний төв рүү чиглэлтэй шахаж, саана.
    7. Тойрог хөдөлгөөнөөр үргэлжлүүлэн саах ба ингэхдээ арьсаа чимхэх болон хуруу халтирахаас болгоомжлоорой.
    8. Сүү гарч дуусахад, хөхний толгойгоо хуруугаараа дарж өгнө.
    9. Ижил дарааллаар дараагийн хөхөө саана.
    10. Дахиад сүү хэрэгтэй бол дахин саах эсвэл хэсэг хүлээгээд дахин сааж болно. 

    Хэрэв гар болон цахилгаан саалтуур ашиглаж байгаа бол дагалдаж ирсэн зааврыг мөрдөнө. 

    Саалтуурын хошуу буюу амсар нь юүлүүр хэлбэртэй байх ба саалтуурын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хөх болон хөхний толгой хэсэгт байрлуулахад агаар тусгаарлан, сорох үүрэгтэй. Өөрийн хөхний толгойнд тохирсон хэмжээтэй юүлүүр сонгох нь чухал гэдгийг онцолж байна.

    Raising Children Network-оос бэлтгэн гаргасан дараах дүрс бичлэгээс Эхийн сүүгээр хооллолттой холбоотой түгээмэл асуултуудын хариултыг олох боломжтой: сүү хангалттай байх, хэт их байх, болон хөхний сүүгээ саах

    https://raisingchildren.net.au/newborns/breastfeeding-bottle-feeding/breastfeeding-videos/milk-expressing

    Саасан сүүгээ хэрхэн аюулгүй хадгалах тухай

    Сүүгээ сааж дууссаны дараа:

    1. Гараа савантай бүлээн усаар угааж, цэвэр алчуур, цаасан алчуур юм уу хатаагчаар сайтар хатаана.
    2. Саасан сүүгээ хөргөгчинд юм уу хөлдөөгчинд хадгална. Ингэхдээ BPA агууламжгүй, бат бэх, хуванцар уут, шилэн сав эсвэл өөр бусад саванд хадгална.
    3. Савны гадна талд сүүгээ саасан он, сар, өдрийг бичих ба хуучнаас нь эхлэн хэрэглэнэ.
    4. Саасан сүүгээ хүүхэддээ халбага, аяга, эсвэл угжаар өгч болно.
    5. Сүүгээ халуун бүлээн усанд бүлээтгэнэ.
    6. Хэрэв сүү хөлдүү бол хүйтэн юм уу бүлээн усанд хийж гэсгээнэ. Сүүг гэсгээх болон бүлээтгэхдээ богино долгионы зууханд хийхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ нь сүүний зарим шим тэжээлийг устгах эрсдэлтэй байдаг. Мөн сүүг жигд бус халааж, хүүхдийг түлэх эрсдэлтэй.
    7. Хүүхдээ хооллохоос өмнө сүүний температурыг шалгахаа бүү мартаарай.
    8. Саалтуур болон сүүний савыг бүрэн задалж, халуун савантай усаар угаан, зайлах эсвэл аяга таваг угаагчинд угаана. Эдгээр хэрэгслийг задгай агаарт тавиж эсвэл хуурай цаасан алчуураар арчиж бүрэн хатаана. 

    Сүүний хадгалалтын горим

    Expand all
    Collapse all

    Дөнгөж саасан шинэ сүү

    • Өрөөний хэмд (26°C болон доош): 6-8 цагийн дотор аюулгүй. Аль болох шинэ дээр нь хөргөгчинд хийх нь зохистой.
    • Хөргөгчинд (5°C болон доош): 3 өдөр хүртэл аюулгүй (72 цаг). Хөргөгчний арын хамгийн хүйтэн хэсэгт хадгалах нь зохистой.
    • Хөлдөөгч:
      • Хөргөгчний доторх хөлдөөх хэсэгт (–15°C) 2 долоо хоног 
      • Тустай хаалгатай хөлдөөгчинд  (–18°C) 3 сар
      • Гүн хөлдөөгчинд (–20°C) 6-12 сар хадгалах боломжтой.

    Хөлдүү сүүг гэсгээсэн

    • Өрөөний хэмд (26°C болон доош): 4 цагийн дотор, дараагийн хооллолт энэ хугацаанд багтаж байгаа бөгөөд хүүхэд хэрэглээгүй цэвэр саванд байгаа бол дахин хэрэглэж болно.
    • Хөргөгч (5°C болон доош): 24 цагийн дотор хэрэглэнэ.
    • Хөлдөөгч: Дахин хөлдөөж болохгүй.

    Бүлээн усанд булхаж гэсгээсэн сүү

    • Өрөөний хэмд (26°C болон доош): Хооллож дууссан бол үлдэгдлийг дахин хэрэглэхгүй.
    • Хөргөгч (5°C болон доош): 4 цагийн дотор, дараагийн хооллолт энэ хугацаанд багтаж байгаа бөгөөд хүүхэд хэрэглээгүй цэвэр саванд байгаа бол дахин хэрэглэж болно.
    • Хөлдөөгч: Дахин хөлдөөж болохгүй.

    Нярайн угж/аяган дахь ууж дуусаагүй сүүний үлдэгдэл

    • Өрөөний хэмд (26°C болон доош): Хүүхдийн угж/аяган дахь ууж дуусаагүй сүүг дахин хэрэглэж болохгүй.
    • Хөргөгч (5°C болон доош): Хадгалах шаардлагагүй, хаях хэрэгтэй.
    • Хөлдөөгч:  Дахин хөлдөөж хадгалж болохгүй, хаях хэрэгтэй.

    Гадуур гарахдаа саасан сүүгээ авч явах зөвлөмж

    Гадуур явахдаа саасан сүүгээ авч явах шаардлагатай бол хэрхэн аюулгүй хадгалах, хэрэглэх талаар дараах зөвлөмжүүдийг мөрдөөрэй:

    • Сүүгээ зориулалтын, тусгаарлагч бүхий сав болох Esky эсвэл температур хадгалагч цүнхэнд хөдөөсөн блоктой хамт хийж хүйтнээр нь хадгалах нь чухал.
    • Хэрэв сүүг гэсгээсэн бол 4 цагийн дотор хэрэглэх ёстой бөгөөд дахин хөлдөөж болохгүй.
    • Хэрэв сүү нь хөлдүү хэвээр байгаа бол гэртээ эргэн ирсэн даруйдаа сүүндээ тэмдэглэгээ хийн, хөргөгч эсвэл хөлдөөгчинд хийнэ.
    Сүүлийн шинэчлэлт: 25 Sep, 2025 - 09:29
    Дээш буцах