Шууд шилжих:
Салж холдохтой холбоотой хямрал
Салж холдохтой холбоотой сэтгэл түгшилт нь олон хүүхдэд ажиглагддаг бөгөөд 6 сараас 3 хүртэлх насанд хамгийн түгээмэл байдаг. Энэ насандаа хүүхэд эцэг эх, анхдагч асран хамгаалагч нь нүдэнд нь харагдахгүй байх үед сэтгэл нь түгшдэг тул асран хамгаалагчаа дагаж уйлдаг ба үүнийг “Салж, холдохтой холбоотой сэтгэл түгшилт” гэж нэрлэдэг.
Салж холдох гэдэгт:
- Нялх хүүхэд сонирхолдоо хөтлөгдөн эцэг, эхээсээ холдож явах
- Эцэг, эх нь өрөөнөөс гарах
- Өөр хүнд хүүхдээ харуулж үлдээх
- Эцэг, эх гадуур гарах зэрэг багтана.
Хүүхдээ хэрхэн үлдээх талаар зөвлөмжүүд
- Хүүхдээ орхихын өмнө тайван байдлаар салахад тодорхой цаг гаргах
- Сэтгэл хөдлөл, сэтгэл түгшилтийг нь ойлгож байгаагаа илэрхийлэх
- Явж байгаа гэдгээ хэлэх мөн хэзээ буцаж ирэхээ хүүхдэдээ хэлэх
- Эргээд ирэхдээ халуун дотноор уулзаж, “одоо зүгээрээ, аав нь/ээж нь эргээд ирлээ” гэх зэргээр хүүхдэдээ хэлж тайвшруулах нь тустай.
Эцэг эхтэйгээ ээнэгшил, холбоо сайтай хүүхэд эцэг, эхээсээ түр холдож, салахад тийм ч хэцүү биш байдаг. Учир нь хүүхэд таныг эргээд ирнэ гэдэгт итгэлтэй байдаг.
Хэрхэн хүүхдээ тухтай, итгэлтэй байлгах вэ?
- Хүүхдэдээ хэрэгтэй үед нь дэргэд нь байж тайтгаруулах
- Хүүхдээ тэвэрч, мэдэрч буй зүйлийг нь хүлээн зөвшөөрч, аав нь/ээж нь ойлгож, дэргэд нь байж, хайрлаж байгаа гэдгээ байнга бататгаж байх
- Хамтдаа байх цаг хугацаагаа баяр баясалтай өнгөрөөх зэрэг нь хүүхэд эцэг, эхтэйгээ ээнэгшиж, итгэл дүүрэн болоход тусалдаг.
Хэрэв хүүхдийн салж, холдохтой холбоотой сэтгэл түгшилт эсвэл таны өөрийн асуудал таны сэтгэлийг зовоож буй бол тусламж хүсэхээс бүү татгалзаарай. Өрхийн эмчтэйгээ зөвлөлдөж, мөн хүүхэд өсгөх буюу parenting хичээл, сургалтуудад хамрагдах нь тустай.
Хүүхэдтэйгээ гүн гүнзгий холбоо үүсгэх хамгийн чухал үе нь нялх, балчир насанд тохиодог. Шаардлагатай бол хойш тавилгүйгээр тусламж эрэх нь зүйтэй.
Хүүхэдтэйгээ бат бэх холбоо үүсгэхэд эцэг, эхийн амьдралын замнал нөлөөлөх нь
Хэрвээ та өөрөө хүүхэд байхдаа эцэг, эхтэйгээ гүн, гүнзгий холбоо үүсгэж чадаагүй бол энэ нь мөн та хүүхдэдээ хэрэгцээтэй бат бэх харилцаа бий болгоход саад болох хандлагатай байдаг.
Мөн та өөрөө сэтгэл түгшилттэй байгаа бол хүүхдийнхээ сэтгэлийн түгшүүр, айдсыг тайвнаар зохицуулахад хүндрэл болох хандлагатай байдаг.
Гэхдээ та үүнд шинээр суралцахад оройтоогүй. Хүүхэдтэйгээ гүн гүнзгий холбоо үүсгэх хамгийн чухал үе нь нялх, балчир насанд тохиодог тул тусламж авахаас бүү цааргалаарай.
Авч болох тусламж, дэмжлэгүүд
Хүүхдээ өсгөх талаар сургалтад хамрагдаж, шинэ мэдлэг, ур чадвар олж авах нь тустай. Холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж авна уу Triple P
Өрхийн эмч эсвэл Хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөж, өөрт болон хүүхдэдээ шаардлагатай тусламж, үйлчилгээнүүдэд хамрагдаарай.




