Хүүхэдтэй болсныхоо дараа хосын харилцаагаа хэрхэн анхаарах тухай
Хүүхэдтэй болох нь хосуудад аз жаргал, баяр хөөр авч ирэхийн сацуу мөн сорилтууд ч тулгардаг. Хоорондын харилцаагаа бат бэх байлгахын тулд бие биедээ анхаарал хандуулж байхаа бүү мартаарай. Үүнд туслах зарим энгийн зөвлөмжүүдээс:
- Хоорондоо ярилцах: Өөрийн бодол санаа болон мэдрэмжээ хуваалцан, юу таныг баяр жаргалтай болгож байгаа болон юу сэтгэлийг тань зовоож байгаа талаар ярилцах.
- Хамтдаа цагийг өнгөрүүлэх: Ямар ч завгүй байсан хамтдаа өнгөрүүлэх тусгай цагийг гаргах хэрэгтэй ба энэ нь болзох, гэртээ хоёулхнаа үдшийг өнгөрөөх, эсвэл хамтдаа жаахан гадуур алхах гэх мэт байж болно.
- Бие биедээ туслах: Хоёулаа хүүхдүүдээ асрах болон гэр орны ажлыг хийхэд оролцдог байх. Хамтдаа хийвэл аль нэг нь хэт ядарч, бухимдах асуудлаас сэргийлэх боломжтой.
- Талархснаа илэрхийлэх: Нэг нэгнийхээ хийсэн жаахан үйлдэлд ч гэсэн талархснаа илэрхийлэх, жишээлбэл гэр орны ажилд туслах эсвэл хүүхдээ харж асрах зэрэг байж болно.
- Тэвчээртэй байх: Эцэг эх байх амаргүй бөгөөд нэг нэгэндээ тэвчээртэй хандаж, алдаа гаргаж болно гэдгийг ухаарах.
- Шаардлагатай үед тусламж хүсэх: Хүнд хэцүү санагдсан үед найз нөхөд, гэр бүлийнхэн болон мэргэжилтнүүдтэй ярилцаж зөвлөлдөх нь шаардлагатай тусламж авах боломжийг бүрдүүлдэг.
- Амжилтаа тэмдэглэх: Хэн хэнийхээ хийсэн жаахан ч гэсэн амжилтыг урамшуулан тэмдэглэх.
- Асуудлыг хамтдаа шийдвэрлэх: Хүнд бэрх сорилттой тулгарсан үед хамтдаа баг болон ажиллах нь зүйтэй. Ингэхдээ хэн нэгийгээ шүүмжлэн буруутгахгүйгээр, шийдэл олох тал дээр анхаарах хэрэгтэй.
- Хамтдаа суралцах: Эцэг эх болоход үргэлж суралцаж байдаг ба хүүхдээ өсгөх, эцэг эх байх талаар ойлголт мэдлэгээ сайжруулахын тулд ном унших болон сургалтанд хамрагдаж болно.
- Өөрчлөлтөнд бэлэн байх: Гэр бүлүүд өөрчлөгддөг. Өөрчлөлт, шилжилтийн үед уян хатан байж хамтрагчаа дэмжиж байх нь хосын харилцаанд сайн нөлөөтэй.
Хосуудын харилцаа харилцан адилгүй бөгөөд өөрсдийн онцлог шинж чанартай байдаг бөгөөд танай гэр бүлийн хувьд юу хамгийн тохиромжтойг олж мэдэн, хоорондоо ярилцаж, бие биедээ анхаарал хандуулж байх нь ач холбогдолтой.
Хэрхэн үр дүнтэй яриа эхлүүлэх талаар зөвлөмж хэрэгтэй бол дараах дүрс бичлэгийг үзэхийг зөвлөж байна: Videos for Grown-Ups.
Гэр бүлийн хүчирхийллийн үед үзүүлэх дэмжлэг
Түрэмгийлэл эсвэл хүчирхийлэл нь өртсөн хэн бүхний хувьд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн бие мах бодийн хүчирхийллээр хязгаарлагдахгүй ба хэн нэгэн бусдыг сэтгэл санаа, сэтгэл зүй, санхүү, бэлгийн болон бусад зан үйлдлээр хянан дарамтлах үйлдлүүд багтана. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, насан туршдаа шархтай үлддэг.
Хүн бүр аюулгүй орчинд хүндлэгдэн амьдрах эрхтэй.
Хэрэв та гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон бол танд тусалж чадах хэн нэгэнтэй холбогдох нь нэн чухал.
Энэ тохиолдолд 1800RESPECT (1800 737 732)утсаар холбогдож болох ба тэд таныг ойлгож, туслахад бэлэн байдаг.
Уур бухимдлаа удирдаж сурахад дэмжлэг авах
Магадгүй уур бухимдлаа удирдахад бэрхшээлтэй тулгарч байгаа хүн нь та бол, мөн тусламж авах нь нэн чухал. Хамгийн эхний алхам бол асуудал танд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ба энэ тохиолдолд та болон танай гэр бүлд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх боломжтой тусгай үйлчилгээнүүд байдаг.
Эрэгтэй хүнд тусламж хэрэгтэй бол 1300 766 491 утсаар Men’s Referral Service-тэй холбогдох юм уу вэбсайтаар нь зочлон мэдээлэл авч болно.
Мөн эрэгтэй хүний зан төлвийн өөрчлөлттэй холбоотой дэмжлэг хэрэгтэй бол Men’s Behaviour Change Network NSW-ээр зочлоорой: Энд дарна уу.




