Түгээмэл харшил төрүүлэгч хоол хүнс
Харшил үүсгэх магадлалтай хоол хүнсийг 6 сартай орчмоос танилцуулж эхлэх нь зохимжтой. Энэ нь хожмын хоол хүнсний харшлын эрсдэлийг бууруулдаг.
Түгээмэл харшил төрүүлэгч хүнсэнд:
- Өндөг
- Газрын самар
- Үхрийн сүү (үүнд сүүн бүтээгдэхүүнүүд болох тараг болон бяслаг багтана)
- Модны самар (бүйлс буюу almond кэшью буюу cashew г.м)
- Шар буурцаг
- Гүнждийн үр
- Бүхэл үр тариа
- Загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүд багтдаг.
Хүүхдэд нэг удаа нэг л шинэ төрлийн хүнс танилцуулах нь зүйтэй. Тухайн хоол хүнсийг 5 жилийн турш долоо хоногт 2 удаа өгч болно.
Хэрэв ямар нэг бүтээгдэхүүнээс харшилж байвал тухайн бүтээгдэхүүнийг өгөхөө зогсоож, өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Түгээмэл харшил төрүүлэгч хоол хүнсийг хэрхэн танилцуулах тухай зөвлөмжүүд
- Зөөлөн газрын самрын тос эсвэл сайтар болгосон өндөгний шараар эхлэж болно.
- Хүүхдийнхээ өмнө нь хэвийн хэрэглэж байсан хоол хүнсэн дээр маш бага хэмжээгээр буюу хүүхдийн халбаганы ¼-ээр хольж өгнө. Жишээлбэл газрын самрын тосыг хүүхдийн будааны нэвс/зутан эсвэл хүнсний ногооны нухаш дотор нь хольж өгч болно.
- Шинэ төрлийн хоол хүнс өгөхдөө өглөөний цайн дээр эсвэл унтаж сэрсний дараа хооллохдоо өгч үзэх нь хүүхдэд ямар нэгэн хариу урвал явагдаж байгааг анзаарах боломж олгодог.
- Хэрэв тухайн бүтээгдэхүүнд харшлахгүй бол бага багаар хэмжээг нь нэмнэ (нэг удаадаа цайны халбаганы талаар г.м).
- Хэзээ ч хүүхдийн арьсан дээр хоол хүнсийг түрхэж болохгүй. Ялангуяа хүүхэд экземтэй бол хоолны харшлыг нэмэгдүүлнэ.
- Хүүхэд экземтэй эсвэл гэр бүлд хоол хүнсний харшилтай хүн байдаг бол эдгээр түгээмэл харшил төрүүлэгч хоол хүнсийг аль болох бор хоолонд орох үеэс эхлэн танилцуулж эхлэх нь зүйтэй.
- Хэрэв та эдгээр харшил төрүүлэгч бүтээгдэхүүнийг хүүхдэдээ өгөхөөс санаа зовж байгаа бол эхлээд хүүхдийн уруулын дотор талд багахан хэмжээтэйг түрхэж үзээд, харшлах эсэхийг нь анзаарч болно. Хэрэв хэдэн минут өнгөрсний дараа ямар нэгэн харшлын шинж тэмдэг анзаарагдахгүй бол тухайн бүтээгдэхүүнээс бага хэмжээгээр нэмэн өгч болно.
Хүүхэд тань харшил өгч байна уу?
Ихэнх тохиолдолд харшлын урвал нь хэдхэн минутын дотор илэрдэг хэдий ч энэ хугацаа 2 цаг хүртэл хэлбэлзэж болно. Харшил нь хөнгөнөөс маш хүнд хэлбэртэй байдаг.
Хөнгөнөөс дунд зэргийн харшлын урвалын шинж тэмдгүүдэд:
- Чонон хөрвөс эсвэл гөвдрүүт тууралт гарах
- Бөөлжих
- Уруул, ам эсвэл нүд нь хавдах зэрэг багтана.
Хүнд хэлбэрийн харшлын урвалын шинж тэмдгүүдэд:
- Амьсгалахад бэрхшээлтэй болох эсвэл амьсгал шуухитнаж/хэржигнэж сонсогдох
- Хэл хавдах/хөөх
- Хоолой хөөх (шүлс гоожих эсвэл залгихад хүндрэлтэй болох)
- Дуу хоолойны өнгө өөрчлөгдөх эсвэл уйлах болон дуу гаргаж чадахгүй болох
- Шуухитнах болон ихээр ханиах
- Царайны өнгө цонхийх, бие сулбайх эсвэл ухаан алдах зэрэг багтана.
Хамгийн эхний харшлын шинж тэмдэг илэрсэн даруй хүүхдийн хооллолтыг зогсоох ёстойг анхаарна уу.
Хэрэв шинж тэмдэг нь хөнгөвтөр бол хүүхэдтэйгээ хамт байж, шинж тэмдгүүдийг анхаарна.
Хүүхдийнхээ шинж тэмдгүүдийг зураг болон бичлэгт буулгаж, өрхийн эмч эсвэл Хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа цаг товлон, үзүүлэх шаардлагатай.
Хэрэв хүнд хэлбэрийн харшил өгвөл нэн даруй 000 (Австралийн түргэн тусламж) рүү залгаж, түргэн тусламж хүснэ.
Нэмэлт мэдээллийг Nip allergies in the bub www.preventallergies.org.au хуудаснаас аваарай.
Үндэсний Харшлын Зөвлөлөөс бэлтгэн гаргасан Nip Allergies in the Bub вэбсайтад түгээмэл харшил төрүүлэгч хоол хүнсийг хүүхдийн нас насанд тохируулан хэрхэн танилцуулах тухай бодит зөвлөмжүүдийг дэлгэрэнгүй багтаасан байдаг: www.preventallergies.org.au




